Шууд Chart

Олон талт хамтын ажиллагааны асуудлаар олон улсын зарим байгууллагуудын удирдлагатай санал солилцлоо

2023-12-13 12:34:01

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан “Хүний эрх-75” дээд, өндөр түвшний арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 12 дугаар сарын 11-нд олон улсын зарим байгууллагуудын удирдлагатай уулзав.

НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Т.Валовая-тай уулзах үеэрээ НҮБ-ын суурь зарчмуудыг Монгол Улс тууштай баримталж ирснийг дурдаж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийн 2022 онд Монгол Улсад хийсэн айлчлалын мөрөөр олон талт дипломат бодлогын төв болсон ШХУ-ын Женевт байрладаг олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, санал, санаачилгыг дэмжин ажиллаж, дэлхийн хамтын нийгэмлэгийн хөгжилд Монгол Улс хувь нэмрээ нэмэгдүүлэхийг зорьж буйгаа нотлов. Мөн Монгол Улс хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үйлсэд онцгойлон анхаарч, хүний эрхийг хамгаалах асуудлаар тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд хамтын хүчин чармайлт чухал болохыг тэмдэглэж, Монгол Улс хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлж, идэвхтэй хувь нэмэр оруулахаа илэрхийлэв.


НҮБ-ын Женев дэх төвийн захирал Т.Валовая Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй олон талт гадаад бодлогыг сайшааж, энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрх, нэн ялангуяа жендэрийн эрх тэгш байдлын хангах нийтлэг зорилтуудыг олон улсын түвшинд хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж буйгаа илэрхийлж, бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Олон Улсын Улаан загалмайн хорооны Ерөнхийлөгч Миряана Эггертэй мөн өдөр уулзалт хийж, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн асуудал, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Ерөнхийлөгч М.Эггер ОУУЗХ-ны зорилго, үйл ажиллагаанд Улаан загалмайн үндэсний хөдөлгөөн, нийгэмлэгүүдийн үүрэг оролцоо, идэвх санаачилга нэн чухал байдгийг тэмдэглэж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр энэ оны 8 дугаар сард сонгогдсонд баяр хүргэж, амжилт хүслээ.

Уулзалтаар талууд олон улсын өнөөгийн нөхцөл байдал, зэвсэгт мөргөлдөөн, байгаль орчны доройтол, хүмүүнлэгийн тусламж, хүмүүнлэгийн эрх зүйн асуудал, Монгол Улсын оролцоо, хамтын ажиллагааны талаар ярилцаж, манай талаас олон улсын хүмүүнлэгийн тусламжийн багц бүтээгдэхүүнд монгол хонины ноосон бүтээгдэхүүн, чацаргана, аньс зэрэг эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг хамруулах, Зүүн хойд Азийн бүсийн агуулах төвийг Монгол Улсад байгуулах боломжийг судлан үзэх зэрэг саналыг тавьж, дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Эдгээр уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ойрын жилүүдэд Монгол Улсад зохион байгуулах олон улсын арга хэмжээний талаар мэдээлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Улаанбаатар хотноо 2024 онд зохион байгуулагдах Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцохыг урьж, Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг хүсэв.


Олон талт хамтын ажиллагааны асуудлаар олон улсын зарим байгууллагуудын удирдлагатай санал солилцлоо  
Үзсэн: 571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй