Шууд Chart

Давосын уулзалт аюулгүй орчинд, онцгой цаг агаарт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бололцоог бүх оролцогчдодоо олгодог

2024-01-18 11:27:20

Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтын мэдээллийг Швейцарын Давос хотоос манай баг мэдээ сурвалжиллаа.

Германы эдийн засагч, профессор Клаус Шваб улс төр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн Эдийн засгийн чуулганыг 1971 онд байгуулж, жил бүрийн уулзалтаа Давос хотод зохион байгуулж ирсэн. Жилийн аль ч үед Давос хот бол Швейцарын Альпийн нурууны амралт зугаалгын бүс гэдгээс өөрөөр онцгойрдоггүй. Харин жил бүрийн 1-р сард энэ жижиг хотод дэлхийн өнцөг булан бүрээс нэр нөлөө бүхий удирдагчид, бизнесийнхэн урлаг соёлын алдартнууд цугларснаар долоо хоногийн турш дэлхийн анхаарлын төвд ордог. Швейцар улс төвийг сахисан бодлоготой, энэ утгаараа маргаантай асуудал, зөрчилдөөн, дайн энхийн асуудлаар олон улсын эрх баригчид цуглаж, шийдэл эрэлхийлэхэд тохиромжтой газарт тооцогддог юм.

Энэтхэгийн эдийн засаг, глобалчлал, технологийн шинжээч Пранжал Шарма “Хүмүүс өдөр тутмын хэвшмэл амьдралаасаа түр хөндийрч, шинэ орчин, шинэлэг санаа, нээлттэй үзэл бодлоо илэрхийлэх, туршлагаа хуваалцах тэр орон зайг эрэлхийлж энд ирдэг. Миний бодлоор энэ бол Давосын чуулганы хамгийн том давуу талыг бий болгож байдаг. Тиймээс энэ хүмүүс бодит үр дүнтэй шийдэл хайж цэвэр агаартай, уулсын дунд орших энэ хотыг зорьж ирж байна” гэж онцоллоо.

Йоханнесбургийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Алишиа Грийнвуд “Давос хотын цаг цагаар нь эрс тэс, хүйтэн цаг агаар бидэнд нэлээн хэцүү, гэхдээ энэ чуулган нөлөө бүхий, маш чухал санаа гаргадаг, ухаалаг хүмүүстэй танилцах боломжийг олгож байдаг. Тиймээс хүйтнийг ажралгүй туршлага судлахыг хичээж байна” хэмээн ярилаа.

Испанийн бизнес эрхлэгч Алваро Де Маричалар “Давос маш сайхан хот, үүний зэрэгцээ аюулгүй газар. 50гаруй жилийн түүх, уламжлалтай энэ чуулган дэлхийн өнцөг булан бүрээс үзэл бодлоо илэрхийлэх, санал санаачилгаа дэвшүүлж, хөгжүүлж, ажил хэрэг болгох бололцоог олгож байдаг” гэж хэллээ.

Дэлхийн Эдийн засгийн форум нь Швейцарын хуулиар олон улсын хүрээлэн, ашгийн бус улс төрийн асуудалд төвийг сахисан байр сууринаас ханддагаараа онцлогтой. Дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, санал бодлоо солилцох зорилгоор зохион байгуулагддаг энэхүү форум нь дэлхийн эрх баригчдын шийдвэр гаргалтанд эерэг нөлөө үзүүлдэг гэгддэг. Давос хотод бизнес, улс төр, шинжлэх ухаан, соёлын салбарын тэргүүлэгч төлөөлөгчдийг урьдаг нь Швейцар улсын хувьд ч олон улсын хувьд ч өвөрмөц орчинд харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийг олгодог юм байна.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Давосын уулзалт аюулгүй орчинд, онцгой цаг агаарт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бололцоог бүх оролцогчдодоо олгодог  
Үзсэн: 1819 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй