Шууд Chart

Монгол Улс Швейцар Улстай хоёр талын худалдааны урсгалыг тэнцвэржүүлэх чиглэлд хамтран ажиллана

2024-01-18 11:53:59

Монгол Улс Сингапур улстай аялал жуулчлалыг хөгжүүлэх, шууд нислэгтэй болохоор зорьж байна

Манай сурвалжлах баг Дэлхийн эдийн засгийн чуулганы мэдээллийг Давос хотоос мэдээлж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын холбооны улсын ерөнхийлөгч В.Амхердэд бараалхаж, хоёр талын харилцааг цаашид тогтвортой хөгжлийг хангах, ардчиллыг бэхжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгийн талбарт хамтран ажиллах талаар хэлэлцжээ.  Монгол Улс Швейцар Улстай 1964 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын харилцаа найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшинд идэвхтэй хөгжиж байна. Швейцар Улс Монгол Улсын засаглалыг сайжруулах, байгаль орчин хамгаалах, цөлжилттэй тэмцэх, хөдөө аж ахуйн салбарт хамтрах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж иржээ. Швейцар Улс мөн Монгол Улсын экспортын 2 дахь том түнш.

2022 оны байдлаар Швейцарын зах зээлд 1 тэрбум ам.долларын бараа таваар гаргасан нь экспортын зах зээлийн 8.2%-ийг эзэлсэн байна. Швейцар нь Монгол Улсаас жилд 840 орчим сая ам.долларын алт худалдан авдаг юм байна.

Цаашид худалдааны урсгалыг хоёр талдаа тэнцүү болгох чиглэлд хамтран ажиллахаар санал нэгджээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын ерөнхийлөгч Шанмугаратнамд бараалхлаа. Уулзалтын үеэр талууд Улаанбаатар Сингапурын хооронд шууд нислэгтэй болох боломжийг эрэлхийлэх, нүүрс хүчлийн хийг бууруулах чиглэлд илүү идэвхтэй хамтран ажиллах зэрэг тодорхой асуудлууд дээр санал нэгдсэн байна.

Монгол Улс Сингапур улстай 1970 онд дипломат харилцаа тогтоож, найрсаг харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлж байна. Сингапур Улс Монгол Улсын экспортын гурав дахь том зах зээл. 2022 оны байдлаар Монгол Сингапурын зах зээлд 345 сая ам.долларын экспорт хийсэн нь экспортыг зах зээлийн 2,75%-ийг бүрдүүлсэн байна. Нийт үзүүлэлтээр нь авч үзвэл хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байна.   

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Монгол Улс Швейцар Улстай хоёр талын худалдааны урсгалыг тэнцвэржүүлэх чиглэлд хамтран ажиллана   
Үзсэн: 1825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй