Шууд Chart

Хангалаараа гангал…

2024-02-07 07:11:43

Эл бичвэр “Дээд лиг”-т 2 удаа бүтэн тоглохдоо 2 түрүүлж, 2 удаа хамгийн үнэ цэнтэй тоглогч болсон, 2 удмыг залгаж 2002 онд төрсөн, волейболын шигшээ баг болон “Натур Мед Толун” клубийн 2 дугаартай, 22 настай довтлогчийн тухай…

Волейболын лигийн түүхэн дэх хамгийн залуу шилдэг тэгш тоглогч, уг шагналыг хоёр удаа хүртсэн хамгийн залуу тоглогч, лигт оноогоор тэргүүлсэн хамгийн залуу тоглогч, МВХ-ны оны шилдэг тамирчнаар шалгарсан хамгийн залуу тоглогч, насанд хүрэгчдийн УАШТ-д шилдэг тэгш тоглогч болсон хамгийн залуу тоглогчийн тухай…

“Дээд лиг”-ийн тэргүүн тоглогч Т.Хангал 2019 онд 17 настайдаа анхны лигтээ оролцож байлаа. Лиг эргэн сэргэсэн тухайн жил тэрээр эхний тойргийн дундаас “Хос Бар” багаас гараагаа эхэлсэн юм. Тухайн үед спортыг өргөн утгаар нь харж чадах хэн бүхний харцыг булааж, анхаарлыг татсан тоглолт энэ хүүгээс гарч байв. Зөв суурь, зөв техник, хурд хүч, үсрэлт тэсрэлт гээд үндсэн чухал чадварууд цөм сууж эхэлсэн байлаа. Мөн бие бялдар, сэтгэл зүй гээд бүх талаасаа эд өсөж хөгжиж, боловсорч байсан үе. Тэрхүү бүрдэж буй тэгш тоглолтын суурин дээр нэмээд солгой гарын давуу тал, нурууны өндөр мөн биеийн хувьд хөнгөн тэсрэмтгий бөгөөд атлетик, хурдан чанар, оюуны хувьд ч хурдан сэтгэмж, шийдэмгий чанар байв. Товчхондоо түүний сэтгэмж, үйлдэл хоёрын нийлмэл хурд нь тоон дунд үсэг ороод ирсэн мэт ялгарч эхлэх нь тэр. Зөвхөн тоглолтыг нь ажиглахад л мэдэгдэж байгаа зүйлс ийм байсан гээд бодоход тухайн үед бол ёстой л <<алтан жаал>> байж. Волейболд анзаарга, мэдрэмжтэй хэн бүхний нүдийг унагаж, багш дасгалжуулагчдын арааны шүлсийг асгаруулахуйц тэр чигтээ “ирээдүй” харагдсан тийм нэгэн “гоц авьяас” гарч ирэв.

Анхны лигтээ авга ах ОУХМ Р.Хангайн удирдлагад оролцохдоо 15 тоглолтод нийт 188 оноо авсан байдаг. Ингэхдээ довтолж 149, хааж 24, давуулж 15 оноо авчээ. 17 настай хүүхэд лигийн нэг тоглолтод дунджаар 12.5 оноо гэдэг хангалттайгаас ч давсан үзүүлэлт. Харин дараагийн лигээс буюу 2021 оноос түүний цаг ирж, <<түүх>> эхэлсэн юм. Ердөө хоёрхон жилийн дараа Т.Хангал лигийн нийт 24 тоглолтын дараа аварга болохдоо довтолж 356 оноо (1-рт), давуулж 33 оноо (1-рт), хааж 39 оноо (7-рт) аван нийт 428 оноогоор бүх тоглогчийг тэргүүлж шилдгээр шалгарав. Ёстой л нүдэн дээр буюу цаг өдөр ирэх тутам өсөж хөгжиж, ид <<гангарч>> эхэлж байсан үе.

Тухайн жилийн шигшээ цувралын 4 тоглолтод Т.Хангал өмнөх лигийн аварга “Хасу Мегастарс” багийн эсрэг 18 оноо дундажлав. Мөн “Хос Бар” багийн эсрэг 37 оноо авсан нь тус лигийн нэг тоглолтод хамгийн олон оноо авсан үзүүлэлт боллоо. Удаах байрт орох 33 онооны үзүүлэлт ч мөн түүний амжилт байв. Түүнчлэн “Алтайн Барс” багийн эсрэг нэг тоглолтод хаалтаар 7 оноо авсан нь тэргүүлэх үзүүлэлт болсон юм. Ийнхүү “Дээд лиг”-т анх удаа 19 настай үнэ цэнтэй тоглогч тодорлоо. Энэ нь тухайн үед шуугиан болсон үйл явдал байсан ч гэнэтийн бас тохиолдлын зүйл биш байв. Нөгөө талаас амжилтын оргилд гараад ирсэн мэт боловч тэр дөнгөж л гараанаас хөдөлж байсан юм.

ТӨРМӨЛ БА ТАРИМАЛ 

2021 оны лигт Т.Хангал шуугиан дэгдээн гарч ирсэн нь угтаа гэнэтийн зүйл огт биш байлаа. Эргээд харвал 2019 оны арванхоёрдугаар сарын 06-нд “Хос Бар” баг хүрэл медалийн цувралд ялагдаж, Хангалын хувьд лиг дууслаа. Харин дараагийн лигээ эхлүүлсэн өдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 03 хүртэл түүнд бүтэн 695 хоног байв. 2021 оны лигт хамгийн сайн тоглосон нь Хангал. Учир нь өмнөх хоёр жилийн хугацааг хамгийн сайн ашигласан нь Хангал байсан юм. 

Энэ хугацаанд юу болов гэвэл 2019 оны лигийн дараа оролцсон анхны том тэмцээн нь насанд хүрэгчдийн УАШТ байв. 2020 оны есдүгээр сард болсон тус тэмцээн улсын аварга багийг тодруулах учиртай ч нөгөө талаасаа Т.Хангалын өнгөрсөн 9 сарын хугацаанд “Өөрийгөө юу сурч, яаж хөгжсөн бэ” гэдгийг харуулах талбар болж хувирсан юм. Энэ тэмцээнд тэрээр өөрийн анхны багш, аав Р.Тамираагийн удирдлагад “Натур Мед Ноён” багаас тоглон аварга болж, шилдэг тэгш тоглогчоор тодорлоо. Тэр өдрөөс ердөө 10 хоногийн дараа буюу есдүгээр сарын 30-нд Идэрчүүдийн буюу 18 хүртэлх насны УАШТ-д түрүүлж мөн шилдэг тэгш тоглогчийн шагналыг хүртэж дахин нэг удаа <<гангарууллаа>>. Товчхондоо энэ нь Монголын волейболын түүхэнд гоц үзэгдэл болов. 18 настай тоглогч насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, шилдэг болсон амжилтаа ердөө 10 хоногийн дараа Идэрчүүдийн УАШТ-д давтлаа. Урьд өмнө ийм гойд амжилт гарч байсангүй.


Төрмөл гэснийг дэлгэрүүлбэл түүнийг волейболын шигшээ багт 1998-2008 онд тоглож байсан, тухайн цаг үеийн шилдгүүдийн нэг, ОУХМ Р.Тамираагийн хүү гэдгээр нь мэднэ. Тэгвэл ээж спортын мастер Д.Наранцэцэг нь тухайн үеийн лигийн хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй “Эрчим” багийн тоглогч байлаа. Үүний дээр түүний өвөө гавьяат багш Б.Ренчин бол монголын хөнгөн атлетикийн домогт мастеруудын нэг. Т.Хангал ийн хоёр талынхаа волейболын удмыг залгасны сацуу хоёр үеийнхээ залгамж болсон гурав дахь үеийн тамирчин билээ. Өдгөө тэд энэ хүүгээр гангарч суухаас өөр яах вэ. 

Таримал гэсний учир нь төрмөл өгөгдөл, авьяасыг арчилж, тордож хөгжүүлэхгүй бол хэрэгцээгүй болно. Авьяасыг аливаа зүйлээр нөхөж орлуулна гэдэг боломжгүй. Гэвч хөгжүүлэх нь чухал. Угтаа авьяас, өгөгдөл гэдэг зүйл “асаж, унтрах” нь асар амархан. Өсвөр, бага насны тамирчдын өсөлт хөгжил гэдэг бол тариа будааг ургаж эхлэх цагаас хэр тордож арчилснаас шалтгаалж хэдий хэмжээний ургац авахаа шийддэгтэй л адил зүйл. Үүнийг багш болон эцэг эхчүүдийн ажиллагаа, нөлөөлөл, арга барил, үлгэрлэл удирдан чиглүүлнэ. Спортын өгөгдөл, авьяастай хүүхдийн тоглох суурийг сайн тавьж, түүнтэй тэнцэхүйц оюун санааны ойлголтыг өгч чадвал дараагийн түвшний ямар ч техник, ур чадварыг суулгахад хавьгүй дөхөм болж, цаг хугацааны хувьд ч хэд дахин хожоотой байх болно. Төрсөн өгөгдлийг нь ургуулж, хөгжүүлж чадсан цагт тухайн тамирчин “олноос онцгой, түмнээс төгөлдөр” гэдэг нь болж чадна. Үүний адилаар Монголын 17 хүртэлх насны хөвгүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Ж.Мөнхбаярын хүү М.Уранбаяр, “Хилчин” клубийн дасгалжуулагч С.Дэлгэрмаагийн охин С.Нарангуа зэрэг төрмөл бас таримал тамирчдын жишээ шинэ залуу үед нэг биш бий. 

Хүүхэд хичээл номыг сурахгүй байлаа гэхэд шахаж шаардаад, хүчлээд ч хамаагүй сургаж болдог. Авьяас бол суръя гээд сурч болдог зүйл биш. Үүнийг багш нар мэдрэмж эсвэл авхаалж самбаа, хурд, хүч гээд аль нэг дан чанараас ялгаж, салгаж ойлгодог байх хэрэгтэй. Мэдрэмжийг хүртэл зорилтот дасгал, хичээлээр сайжруулж болдог. Харин авьяас бол боломжгүй. Авьяасыг тордож чадвал харин гангарахгүй гээд яах вэ. 


                                                                                                                           

УХААНААРАА УРАГШИЛЪЯ!

Спортод хожлыг эсрэг талаа хожиж байж авдаг. Харин ялалтыг бол өөрийгөө ялж байж авдаг гэж боддог. Өнөөдөр хожиж болох ч гэлээ тэр ялалт биш. Урт хугацаанд үргэлжлэх амжилт, тогтвортой хожлыг бий болгохын тулд тамирчин өөрийгөө ялах ёстой. Т.Хангал 2019 оны лигийн дараах 9 сарын хугацаанд өөрийгөө ялж чадсан. Бэлтгэлээ уйгагүй шахаж, шаргуу хичээллэсний дүнд ч дээрх хоёр том амжилтыг гаргасан. Ингээд түүнийг лигт хэрхэн тоглохыг харах нь гол хүлээлт болоод байлаа. Гэтэл дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас олон жилийн дараа дөнгөж сэргээд байсан “Дээд лиг” дараа жилээ цуцлагдав. Ингээд лиг болоогүй учраас хоёр насны УАШТ-д манлайлсан амжилтаараа 18 настай Т.Хангал 2020 оны МВХ-ны оны шилдэг тамирчнаар тодорч тус шагналын хамгийн залуу эзэн болсон байдаг. 

Лиг цуцлагдсаныг Хангал боломж гэж харав. Өөрийгөө илүү бэлдэж, хөгжүүлэх дахин нэг жил гарч ирснийг үр бүтээлтэй ашиглалаа. Үүний дүнд 2021 оны лиг эхлэхэд хэдийнээ шилдгүүдийн эгнээнд очсон байв. Хөл хорионы ямар ч цаг үед бэлтгэл сургуулилтаа алдалгүй хийж, шаргуу хичээсний үр шим лигийн эхнээс л гарч байлаа. Багаар боломжгүй бол ганцаарчилсан байдлаар ч олон өдрийн бэлтгэл хийсэн. Дурдвал хөнгөн атлетикийн бэлтгэлээс суулгасан түүний чадварууд тоглолтын үед цөөнгүй давуу тал үүсгэдэг. Тоглолтынхоо гол онцлог болсон хурдаа ашиглан богино орон зай, цаг хугацаанд бусдаас амжиж, өрсөж хүрсэн бөмбөг бүр нь түүний хожоо байдаг. Хөнгөн, тэсрэмтгий чанарыг суулгаснаар түрүүлж сэтгэх, түрүүлж хөдлөх чадамжийг нь илүү цогц болгож, төгөлдөржүүлж чадсан. Өчүүхэн жижиг зүйл дээр л ялгаа гардаг болсон өнөөгийн жигд өрсөлдөөн дунд энэ зэрэг нарийн, жижиг чадварууд дээр их зөрүү гаргана. 


Гэхдээ түүнийг зөвхөн бэлтгэл их хийгээд л топ түвшинд очсон гэж ойлгож болохгүй. Аливааг их хийх нь угаас нэн тэргүүнд чухалчлах зүйл биш. Өнөө л “ухаантай хийх” арга барил л илүү чухал. Нидерландын хөлбөмбөгт бол номер нэг философи энэ байдаг. Хангалын гол зааварлагч, багш дасгалжуулагч болох аав нь энэ бүхний ард байсан гэдгийг цохон тэмдэглүүштэй.  

Дүгнээд хэлбэл Т.Хангал 19 настайдаа Монголд волейболын манлай тамирчин болсны учир шалтгаан нь лиг цуцлагдсан тэр урт хугацаанд бэлтгэл сургуулилтад өөрийгөө хэрхэн дайчилж, хэдий цаг хугацааг зориулж, хэрхэн үр дүнтэй ажилласанд л байгаа юм. Хэчнээн зүтгээд, хэчнээн хичээгээд гарахгүй байгаа үр дүнг ухаалгаар ажиллаж чадвал богино хугацаанд ч гаргаж болно. Судалгаа, шинжилгээ иймийн учраас л цагийг хурдасгаж, замыг товчилдог. Тиймээс хүүхдийн оюун ухааны хөгжил, ойлголт ухамсарт нь бие бялдрын хөгжил, бэлтгэлээс илүүтэй анхаарах шаардлагатай болсон. Оюуны чадамж ямар түвшинд байх нь тамирчны хожмын замнал ямар байхыг шийдэх гол зүйлсийн нэг. 

Боловсрол бол тамирчин хүнд нэгдүгээрт тавих зүйл. Тамирчны боловсрол мэдлэгийг зөвхөн бэлтгэл сургуулилт биш хэрэглэл технологийг хэрхэн үр дүнтэй ашиглах, бие сэтгэл зүйн тэнцвэрийг барих, хоол, амралт ачааллыг тохируулах зэргээр олон ангилж болно. Түүнчлэн булчин шөрмөсийг сэргээх, алдагдсан эрч хүч, эрдэс бодис зэргийг хэрхэн нөхөх цаашдаад тоглолт формыг хэрхэн олж, удаан тогтоон барих вэ гээд тамирчин хүнийг мөнхөд дагаж явдаг бүх зүйл цэвэр боловсрол, мэдлэгтэй хамаатай. Өдөр ирэх тутам хөгжсөөр буй шинжлэх ухаан, судалгааны салбартай зэрэгцдэггүй юмаа гэхэд хол хоцрохгүй байж, суралцахгүй л бол спортод бид хэзээ ч хөгжлийн шинэ шатанд гарч чадахгүй. 

Гэвч манайд хуучны ам дамжсан мэдээллээс суралцдаг арга барил оршсоор л байна. Хүн бүрийн бие организм харилцан адилгүй тул нөгөө хүнд тохирсон арга барил, туршлага танд мөн онож, санал болгосон эд хэрэглэл, эм бэлдмэл зэрэг зүйлс танд тохирно гэсэн ойлголт байх ёсгүй. Манайхны энэ сайн эсвэл муу, ингэвэл зөв эсвэл буруу гээд нэгнийгээ дагаж, дагуулдаг байдал одоо ч том асуудал хэвээр. Наад захын жишээгээр авч үзэхэд “Сэрэлт” киноны далд санаа, агуулгыг монголчуудын ихэнх нь одоо ч бүрэн ойлгож, тусгаж авч чадаагүй юм шиг. Тэгсэн атлаа огт ойлгож мэдрээгүй хөгжил гэгчийн тухай ярьсаар л байна.

 

АВАРГУУДЫН АМИН СУДАС

Багт чухал тоглогч байна, амин сүнс нь, судас нь болсон тоглогч байна гэдэг маш өөр хоёр ойлголт. Үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Тухайлбал Хангал бол “Натур Мед” багийн <<амин судас>>. Тамирчин хүн хэзээд өөрийнхөө төлөө хувийн тоглолт, ур чадвартаа анхаарч, хичээж байх хэрэгтэй. Өөрийнхөө төлөө тэмцэх нь бусдыг ч баярлуулах түлхүүр болдог. Баг хэдий чухал ч гэлээ хувь тоглогчдоос бүрддэг зүйл. Тэгэхээр тоглогч өөрөөс шалтгаалах алдааг цөөн гаргаж байж, багийн амжилтыг доош татахгүй байж чадна. Харин тоглолтын хэв маяг, зорилго, шийдвэр багийн төлөө байх учиртай. Уг хоёр зүйлийг хослуулж, түвшин хэмжээг нь зохих уулзвар дээр нь учруулан тааруулна гэдэг одоо үед нэн чухал чадамж болоод байна. Ингэж багаа манлайлж, эцэстээ багаа амжилтад хүргэж чадаж байгааг нь л <<амин судас>> гэнэ. 

Сайн тоглогчдоор баг бүрдүүлээд хожиж болох ч цом авна гэсэн үг биш юм. Үүний хооронд том ялгаа бий. Хамгийн тодорхой жишээ гэвэл “Улаанбаатар Финикс” багийг дурдаж болно. Манайхан шүүмж хүлээн авч, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх талдаа дутмаг. Тэрнээс багуудын алдаа дутагдал, асуудал хоцрогдол тэдгээрийн шийдвэрлэх гарцуудыг ярьж дэлгэж байх нь хэн хэндээ илүү хэрэгтэй. Ийм байж л тус салбар орчин эрүүл харилцаа хандлагатай байж чадна.  

- Т.Хангал 2022 онд гурав дахь удаагаа лигт оролцлоо. Гэвч улирлын дундаас Тайланд улсыг зорьж, волейболын төрөлд легионер тамирчнаар гаднын улсад тоглосон Монголын анхны эрэгтэй тоглогч болсон юм. Тухайн жил “Натур Мед” баг түүнгүйгээр амжилт гаргана гэдэг маш хүнд байлаа. Улмаар тойргийн шатнаас цааш шалгарч чадалгүй лигийг дуусгав. Харин Т.Хангал явсан зорилгоо биелүүлж, Тайландын лигийн аварга болохын зэрэгцээ шилдэг довтлогч болон хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хамтад нь хүртлээ. Энэ бүгд өөрөө Монголын волейболын түүхийн шинэ хуудсыг нээсэн билээ. 

Ийнхүү өөрт олдсон боломжийг чанга атгаж чадсан түүний дараагийн гол зорилгуудын нэг нь лигийн аваргаа хамгаалах байлаа. Түүний 4 дэх лиг он дамнан зохиогдсон нь өмнөхөөсөө өөр байв. Угтаа бол Т.Хангал 2019-2023 оны хугацаанд болсон 4 лигт 2 удаа бүтэн оролцсон. Эхнийх нь 2021 он байсан бол дараах нь 2023/24 оны улирал. Аварга болж, шилдгээр шалгарсан жилүүд нь гэсэн үг. Өөрөөр хэлбэл лигт эхнээс нь дуустал бүтэн тоглосон л бол аварга болж, тэргүүн тоглогч болдог гэсэн өвөрмөц бөгөөд <<ганган>> амжилтыг эхлүүлээд байна.  

2023/24 оны улирлыг лиг сэргэснээс хойших хамгийн өрсөлдөөнтэй нь гэж тодорхойлно. Анх удаа аваргын төлөөх цуврал 5 тоглолтод шийдэгдсэн үзүүлэлтээр л үүнийг баталж болох байх. Мөн лиг сэргэснээс хойш хамгийн цөөн хэр нь хамгийн чанартай багуудтай тэмцээн болов. Энэ ширүүн бөгөөд тэнцүүхэн өрсөлдөөнд “Натур Мед Толун” баг 13 дараалан хожсон нь өнгөрсөн 4 лиг дэх хамгийн урт хожлын цуврал боллоо. Мөн шувтаргын шатанд эхний 4 тоглолт дараалан хожсон анхны баг болсон гээд хэд хэдэн анхдагч амжилтуудыг гаргасан. 

“Натур Мед” шигшээ цуврал 3:2 харьцаатай ялж, лигт түрүүлсэн. Т.Хангалын хувьд хожсон тоглолт бүртээ багаа оноогоор хошуучиллаа. Харин хожоогүй, шилдгээр шалгараагүй бусад тоглолтуудад хэдэн оноо авсан нь тодорхойгүй, нууцлагдмал мэт байсан. Миний хувьд өмнө нь лигт бүтэн ажилласан жилүүддээ үүн дээр онцгой анхаарч, ил тод байлгасаар ирсэн. Харин сүүлийн хоёр жил энэхүү чухал баримт, мэдээллийн сан алдагджээ. Уг нь энэ нь баг тамирчид төдийгүй спортынхоо түүх, хөгжилд хожим ирээдүйд юугаар ч үнэлшгүй чухал хүчин зүйл болох учиртай. 

Аваргын төлөөх эхний тоглолтод 3 ээлжид 19 оноо, 2 дахь тоглолтод 5 ээлжид 32 оноо, 5 дахь тоглолтод 3 ээлжид 21 оноо авсан юм. Хожсон 3 тоглолтод 24 оноо дундажлана гэдэг тун <<ганган>> үзүүлэлт. Тэр тусмаа шигшээ шатанд. Мөн шийдвэрлэх тоглолтод ялалтын буюу энэ жилийн лигийн сүүлийн оноог авлаа. Шаардлагатай, чухал мөчүүдэд багаа манлайлсан тоглолтыг үзүүлж, хамтрагчдынхаа дэмжлэг туслалцааг ч сайн ашиглахаас гадна бусдынхаа тоглолтыг хэрэгтэй үед нь гаргахад ч ихээхэн үүрэгтэй байв. Иймээс тэр аваргуудын <<амин судас>> болсон тоглогч. Тиймдээ ч “Натур Мед” шигшээ цувралын туршид лидерээрээ гангарлаа. 

            

АЛДААНЫ СПОРТОД АЛДААГ АРДАА ҮЛДЭЭ

Өдгөө лигийн тэмцээнд олон шилдэг довтлогч байна. Гэхдээ тэд тоглолт болгонд шилдэг байж чадахгүй байгаа нь асуудал. Харин Хангал бол ямар ч тоглолтод Хангалаараа байдаг нь ялгаа. Түүний тогтвортой бөгөөд алдаа бага тоглолт нь мэдээж сэтгэл зүй араас нь хувийн сахилга бат, зохион байгуулалт, үүнээс улбаалсан гэмтлээс сэргийлэх, формоо хадгалах гээд олон зүйлтэй учир холбогдоно. 

Тоглогчид бол алдаа дутагдал гаргах үед үүсэж буй бухимдлыг тэр алдаатайгаа үлдээж сурах ёстой. Хэн ч алдана. Огт алдаа мадаггүй тоглох ямар ч боломж байхгүй. Тиймээс алдааг орхиж сурч байж л тамирчин болно. Манайд спортын аль ч төрөлд залуу тамирчид өөрөөс нь шалтгаалсан алдаа гаргасныхаа дараа үүсэх харамсал, дарамтаас болж алдаагаа давтах тохиолдол маш олон байдаг. Энэ бол цэвэр спортын боловсролын хоцрогдол. Тамирчдын гэхээсээ илүү сургалт, тогтолцооны алдаа. Үүнийг боловсролын түвшинд тэдэнд огт заагаагүй. Спортыг дагасан шинжлэх ухааны төрлүүдийн хөгжил тааруу, судалгаа дутмаг зэргээс шалтгаалж эл салбар ахиц дэвшилгүй хэвээр байна. 

Волейбол бол алдааны спорт. Алдаа бүр оноо болно. Тиймээс алдааг алдсан оноотойгоо л хамт явуул. Алдсан биш авах боломжтой оноондоо л анхаар. Алдааг хүлээн зөвшөөрч, орхиж сур. Тэрнээс алдааг засаж залруулах, суралцах, дүгнэх зэрэг нь тоглолтын дараа болох асуудал. Үүнийг дасгалжуулагчид ч сайн ойлгох хэрэгтэй. Манай дасгалжуулагчид завсарлага аваад ихэнхдээ өнгөрсөн зүйлсийг яриад байдаг талтай. Тоглолтын дунд засах шаардлагатай зүйлсийг өмнө нь бэлдсэн нөөц хувилбаруудаар шийдэх нь мэргэжлийн хандлага. 

Нэг онооны алдааг орхиж сурсан бол нэг хожигдлын алдааг орхиж. сур. Тэгээд дараагийн тоглолтын хожилд тэмүүл. Хожигдлыг орхиж сурсан бол ялагдлыг ч орхиж сур. Тэр цагт л “даагаа нэхэх” талаар илүү бодитой бас эрүүлээр харж, ажиллах болно. Жишээ нь Т.Хангал болон түүний баг 2022 оны ялагдлыг орхиж чадсан учраас дараагийн лигтээ бүхнийг шинээр эхэлж буй мэт хандлагыг үүсгэж чадсан нь бусдаас өөр байсан. Шигшээ цувралд 2 хожлын зөрүүгээс баригдсан ч хожигдлыг мөн л ардаа үлдээж шийдвэрлэх тоглолтод хожин аварга боллоо. Тав дахь тоглолт бол цэвэр сэтгэл зүйн тулаан байсан гэдгийг онцолъё. Алдааг ардаа орхиж сурч байж л амжилтаараа гангарна. 

- Өнөөдрийн Т.Хангал олон зүйлийн нэгдлээр бий болсон. Тэдгээрийн тэргүүнд “Хангал” гэх зохиолыг бичсэн хүн болох аав ОУХМ Р.Тамираа байх учиртай. Нөгөө талаас аавынхаа ур чадвар, мэдлэг туршлага дээр үндэслэсэн заавар зөвлөгөө бүгдийг амжилттай дагаж хэрэгжүүлж, үр дүн гаргаж чадсан нь харин Хангалын гавьяа. Нэмээд мэдээж байгалиас заяасан өгөгдөл, ген болон хөдөлмөрч хичээнгүй зан, зорилгодоо төвлөрч, бүхнээ зориулж буй хандлага, шаргуу тууштай чанар гээд ач холбогдол бүхий чухал зүйлсийг нэрлэвэл олон.

Жишээ нь лигийн шигшээ цувралын үеэр сагсан бөмбөгийн бүх оддын тоглолтод волейболын лигийн аваргын төлөө өрсөлдөж байсан хоёр багийн гол тоглогчдыг урьсан. Нэг нь очсон бол нөгөө нь очоогүй. Энэ бол төвлөрөл. Мөн нэг нь лигийн турш тэмцээндээ бүрэн анхаарсан бол нөгөө нь бүтэн нэг тойргийн тоглолт орхиж явсан. Энэ бол хандлага, тууштай байдал. Болоод өнгөрсөн зүйлийн бодит баримт учраас энэ жишээгээр нэгийг илүү, нөгөөг дутуу гэж харахаас илүүтэй хойшид суралцаж авахдаа гол нь. Угтаа хүн алдаан дээрээсээ суралцана гэдэг дутуу ойлголт. Бусдын алдаан дээрээс суралцдаг байх нь илүү чухал. Тиймээс хүний бие бялдар, ур чадвараас илүү бодол санаа, тархин дахь удирдлага ямар чухал вэ гэдгийг дараа үеийн волейболчид, хүүхэд залуус сайтар суралцаасай гэж хүссэний үндсэн дээр жишээ болгон дурдлаа. Бид асуудлыг шүүмжилж, шүүмжийг эрүүлээр хүлээн авч сурч байж цаашид хувь хүний талаасаа илүү хөгжиж дэвшинэ.  

Энэ тамирчны замнал, гаргасан ололт амжилт, өсөлт дэвшлээс өнөөгийн олон багш дасгалжуулагч суралцаж хичээл сургалтын хөтөлбөр, арга барилдаа шингээгээсэй. Мөн олон хүүхэд залуус уншиж ирээдүйд үүсэх эрсдэлийг тооцоолж, дөтөлж болох арга зам, зөв арга барил, хандлага бүгдийг таньж мэдэж, суралцаасай. Ирээдүйн олон шилдгүүдийг төрүүлэхийн төлөө бид нийтээрээ шинжлэх ухаанч байдал, судалгаа, систем, бие сэтгэл, оюуны чадамж гээд өргөн агуулгаар нь анхаарвал зохистой. Хангал одоогоор энэ талаасаа хүүхдүүдийн хувьд хамгийн суралцахуйц жишээ. Гэхдээ <<хязгаар>> гэсэн үг биш. Хожим энэ бүгд дөнгөж эхлэл болж, түүнийг залгах, цаашдаа амжилт түүхийг нь ахиулах олон тамирчин гарч ирээсэй.

Тэр зогсолтгүйгээр гол нь ухаалгаар урагшилсаар л байна. Одоогоор бусдаас ялгарч буй гол онцлог, давуу байдал нь энэ л байх. Үүнд яах аргагүй аавынх нь үүрэг үлэмж их. Тэрээр нас насны болоод шат шатны бүх түвшинд нь таарч тохирсон оюун ухааны чадамж, спортын боловсрол мөн техник, ур чадваруудыг хүүдээ суулгаж чадсан. Ийн сурган хүмүүжүүлсэн байдал нь өдгөө Хангалд хэзээ ч арилшгүй том суурь, тулгуур, <<өв сан>> болоод байна.

Т.Хангал шиг тоглогч байгаа нь манай улсын волейболын спортын хөгжилд болоод МВХ-ны хувьд ч маш том давуу тал. Ашиглаж чадвал маш амжилттай ажиллах сайхан боломж. Мөн дараа үеийн тамирчдад олон олон шинэ зам мөр гаргаж, анхдагч алхмуудынх нь эхлэлийг тавьж, хөгжлийн шинэ гарц, үүд хаалгыг олон салбар чиглэлд нээх бололцоо бүрэн бий. Цаашлаад тухайн салбар дахь хөрөнгө оруулалт, санхүүгийн түвшин, менежментийн өсөлт гээд бүх талд том хөшүүрэг болох бүрэн боломжтой. Ойрын жишээ л гэхэд Хангал болон түүнтэй зэрэгцэн гарч ирсэн шилдэг волейболчид Монголд энэ спортыг сурталчлан таниулахад ямар ч зорилтот үйл ажиллагаагүйгээр маш их нөлөө үзүүлж байна. Волейбол сонирхогч, үзэгчдээс гадна хичээллэх хүүхэд, залуусын хүрээ тэлэгдэхэд ч жинтэй хувь нэмэр оруулж буй. Гэтэл эрх мэдэл бүхий хүмүүс волейболын энэ цаг үеийн <<өнгө төрх>> болж яваа энэ залуус дээр тулгуурлан хэрэгжүүлж болох олон боломжийг хардаггүй. Үүний нөлөөнд бид эргэж ирэхгүй маш ашигтай цаг хугацааг алдсаар л байна. Энэ спортыг хөгжүүлэхэд том түлхэц үзүүлж чадах маш хүчтэй <<зэвсэг>> болсон уг тамирчдыг ашиглахгүй, ашиглаж чадахгүй хэвээр байгаа нь харамсалтай.

Тиймээс энэ салбарт мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй байна. Манай улс дахь тус салбар болоод волейболын холбоо гүйцэтгэлийн талбар дээрээ одоог хүртэл шүүгч эсвэл тамирчин, дасгалжуулагч асан хүмүүстэй байдаг. Тийм хүмүүс бодлого чиглэл, зорилго зорилт гаргаж, үйл ажиллагааг шийдэж, тодорхойлж ирсэн учраас өнөөдөр манайд энэ спортын хөгжил олон жилээр хоцорч яваа. Барилгын зураг загварыг архитектор гаргаж барилгачин барьдаг болохоос барилгачин зураад барилгачин барьдаггүй. Эсвэл барилгачнаар ажиллахаа болихоороо архитектор, инженер болдоггүй. Спортын талбайд ажиллах эсвэл ажиллаж байсан хүмүүс үнэхээр чадамжтай л биш бол тэндээ байх нь зохимжтой. Гэтэл талбайн гадна тухайн спортын хөгжлийн чиг хандлага, ирээдүйг тодорхойлж, өсөн дээшлэх сэдэл санаа, төсөл төлөвлөгөө бүгд боловсорч, бодлого хэрэгжилт гээд тоглолтоос бусад бүх зүйл өрнөж байдаг. Спортын хөгжлийг зөвхөн спорт танхим, талбайгаар харж дүгнэж болохгүй.

Боловсрол сэтгэлгээний түвшин өндөр, удирдлага зохион байгуулалтын чадамжтай нэмээд хамгийн чухал зүйл болох тухайн спортдоо элэгтэй, сэтгэл зүрхтэй тийм л боловсон хүчнүүд байж гэмээ нь манайд волейболын спорт хөгжих боломж бүрдэж, ирээдүй харагдаж эхлэх болно. Амжилт бол бүр дараагийн асуудал. Хөгжлийн сууриа тогтвортой тавьж, чиг шугамаа олсон цагт амжилт гэдэг ердөө цаг хугацааны л асуудал болж хувирдаг зүйл. Өдгөө энэ спортын ирээдүйд их бага хамаагүй нөлөө үзүүлж чадах тэр бүх хүн нүдээ нээж, өнөөгийн хөгжлийн зогсонги, царцаа байдлыг бодитоор харах хэрэгтэй. Та бүхний шийдвэр сонголтоос энэ спортын болоод волейболын ирээдүй болсон хүүхэд багачуудын хувь заяа шалтгаална. Бидэнд маш их боломж байгаа ч хажуугаараа дэмий өнгөрүүлсээр л байна. Хариуцлагаа нэм. Хараагаа тэл. Хандлагаа өөрчил. 

Бас Хангалаараа гангал…

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Хангалаараа гангал…  
Үзсэн: 8749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй