Шууд Chart

Нэгэн уран зургийг тайлбарлах нь...

2024-02-20 16:28:39

Францын нийслэл Парис хотноо орших дорно дахины ховор нандин цуглуулгаараа алдартай Гимэ музей (Guimet Musee)-д Их Монголын үеийн хөх хуартай шаазангийн цуглуулга, Монголын догшин сахиус бурхад, хуучин гэрэл зургийн баялаг цуглуулга байдгаас монголчуудын ан авыг өнгө ялган дүрсэлсэн нэгэн зураг монгол хүний анхаарлыг зүй ёсоор татах ажээ.
 
Зураг дээр ав буусны дараахан хэсэг анчин намнасан ангаа мориндоо тохон ганзагалах, суларсан олом жирмээ чангалах зуур нэг нь морио алдаад араас нь гүйхэд залуу анчин алдуурсан морийг уургалаар морио давиран ухасхийж байгааг харуулжээ.
 
Түүнчлэн тус зургаас монголчууд адгуус амьтад хээлтэж төллөсний дараа намар сэрүү ороход авд морддог байсан, мөн хүйтний улирлаар энгэр битүү, дугуй захтай дээл өмсдөг байсан гэх мэт олон зүйлийг ойлгож болно.
 
Зургийн наад хэсэгт эгэн харж инээнгээ олмоо чангалж буй анчныг БНМАУ-ын үед хятан хүн гэсэн тайлбартай хоёр ч номд хэвлэгдсэн байдаг. Мөн хуучнаар Төв музейн 13-15-р зууны танхимд түүний хуулбар зураасан зураг байсныг ахмад уншигчид санах биз ээ.
 
 
Тус зургийг Дай Юань улсын үеийнх гэдэг боловч Их хаад нийслэл Хаанбалгасыг орхиж явснаас хойших үеийн зураг гэлтэй. Учир нь 14-15-р зууны нангиад зургуудыг ажихад тус зурагт байгаа шиг монголчууд оройдоо улаан залаа эсвэл шувууны өд хатгасан тохой өндөр шовгор малгай өмсөж эхэлсэн байдаг. Анчдын өмссөн хувцас, агссан хоромсого саадаг, тохсон эмээлийг нь шинжихэд тэд цагаан ястан язгууртан биш эгэл ард гэдэг нь илт. Мөн анчин эр цулбуур дээр гишгэнгээ олмоо татаж байгаа, намнаанд зориулж жолоогоо зангидаж богиносгодог зэрэг олон нарийн зүйлийг дүрсэлснийг үзвээс зураач бээр малчин Монголын амьдралыг сайн мэддэг хүн байсан гэмээр.
 
Монгол Улсын Үндэсний номын сангийн Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Нямдорж

Нэгэн уран зургийг тайлбарлах нь...  
Үзсэн: 2339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Эмээл нь өөр юм одоонийхоос [127.0.0.xxx] 2024-02-21 01:48
Бид ямар гээч эмээл хэрэглээд бна даа одоо? Эднийх бараг л Америк эмээл шиг бна

Бидэнтэй нэгдээрэй