Шууд Chart

БНХАУ-ын "Хоёр чуулган" өндөрлөлөө

2024-03-12 10:30:21

БНХАУ-ын эрх баригчид жил бүрийн энэ үед Засгийн газрынхаа өнгөрсөн жилийн үйл хэргийг үнэлэн дүгнэж, ирэх жилийн бодлогын чиглэл, зорилго болон харгалзах хуулийн зохицуулалт, тэдгээрт шаардагдах төсөв хөрөнгө зэргийг хэлэлцэн баталдаг уламжлалтай.

Энэ жил гуравдугаар сарын 4-11-ний өдрүүдэд нийслэл Бээжин хотноо БНХАУ-ын "Хоёр чуулган" буюу БНХАУ-ын 14 дэх сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ)-ын хоёрдугаар чуулган болон 14 дэх удаагийн Хятадын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөл (УТЗЗ)-ийн хоёрдугаар чуулган болж өндөрлөлөө.

Энэ сарын 4-нд эхэлсэн тус чуулганы сүүлийн өдөр 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулганы төлөөлөгчид хэсгийн хэлэлцүүлэг хийсэн байна. Мөн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын тайлантай холбоотой тогтоолын төслүүдийг хянан хэлэлцэж, тэргүүлэгчдийн дөрөвдүгээр хурал зарлан хуралдуулсан юм.

Улмаар үдээс хойш 15:00 цагт 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулган АИХ-ын ордонд хаалтаа хийж албан ёсоор өндөрлөв.

Засгийн газрын ажлын тайлангийн тогтоолын төсөл, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн зохион байгуулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан төсөлд санал оруулж батлав. Мөн 2023 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны төлөвлөгөөг хөгжүүлэх тухай тогтоолын төсөл, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын ажлын тайлангийн тухай тогтоолын төсөлд санал хурааж батлав.

Энэхүү хоёр чуулганы тус бүрийн онцлог, үүргийн тухайд гэвэл БХАТИХ бол хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг төрийн эрх барих дээд байгууллага. Харин УТЗЗ нь Засгийн газарт томоохон асуудлаар санал зөвлөмж гаргадаг улс төрийн зөвлөх байгууллага юм. Түүнчлэн БХАТИХ нь Засгийн газрын гол томилгоо, төрийн томоохон асуудлыг шийдвэрлэж, хууль баталж, улсын эдийн засгийн төлөвлөгөө, төсвийг баталдаг. Харин УТЗЗ нь улс төрөөр зөвлөлдөх, улс төрийн хяналт, төрийн үйл хэрэгт оролцоход анхаардаг. Товчхондоо, хоёр чуулган нь Хятадын улс төрийн хүрээнд жилд нэг удаа болдог, Засгийн газраас өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж, олон нийтэд тайлагнан, улмаар ирэх жилд улс төр, эдийн засаг, нийгмийн салбаруудад авч хэрэгжүүлэх бодлогуудаа баталдаг чухал хурал юм.

Монголчуудын хувьд ч өмнөд хөршийнхөө нийгэм, эдийн засгийн салбарын бодлогын үндсэн чиглэл, тэргүүлэх зорилтууд, хөгжлийн гол чиг хандлагын талаар ойлголт авч болох нээлттэй боломж юм.

Чуулганд БНХАУ-ын дарга Ши Жиньпин тэргүүтэй 2800 гаруй нам төрийн удирдлагууд, төлөөлөгчид оролцсон юм. Уламжлал ёсоор нэн тэргүүний тайлагнах, хэлэлцэн дүгнэх сэдэв нь эдийн засаг байв. Тиймдээ ч Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян чуулганы эхний өдөр тавьсан илтгэлдээ 2023 онд БНХАУ-ын эдийн засаг 5.2 хувиар өссөн. Мөн иргэдийн дундаж амьжиргааны түвшин дээшилж, 2022 оныхоос 6.1 хувиар өссөнийг мэдэгдсэн юм. Улмаар энэ жилийн хувьд эдийн засгийн 5 хувийн өсөлтийг зорилго болгон ажиллахаа хэлсэн билээ.

Мөн хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны тоог 12 саяар нэмж, хот газрын ажилгүйдлийн түвшнийг 5.5 хувиас хэтрүүлэхгүй гэсэн юм. Мөн олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа зүйл нь ирэх жилүүдэд хурдтай өсөлт бүхий эдийн засгийн хөгжлөөс илүү тогтвортой чанартай эдийн засгийн хөгжилд зорино гэдэгт оршиж байна. Уг зорилтын хүрээнд БНХАУ даяарх хууль боловсруулагчид эдийн засгийн орчныг сайжруулах явдалтай холбоотой 298 хуулийн төслийн саналыг долоон өдрийн турш үргэлжилсэн тус чуулганы үеэр санал оруулж, хэлэлцсэн гэж мэдээлсэн юм. Мөн чуулганы үеэр 2800 гаруй төлөөлөгчөөс 7000 гаруй санал, шүүмж, сэтгэгдэл ирсэн тухай чуулганы Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдэв.

Батлан хамгаалах салбарын зардлыг 1,6 их наяд юань буюу 7.2 хувь өсөлттэй байхаар төлөвлөжээ. Ингэхдээ зэвсэгт хүчний чадлыг нэмэгдүүлж, орчин үеийн дэвшилтэт технологиудыг ашиглан зэр зэвсэг, хэрэглэлүүдийг шинэчилнэ гэж зарласан. Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадын батлан хамгаалахын зардал харьцангуй тогтвортой байгаа бөгөөд ДНБ-д эзлэх хувь нь 1.6 хувь орчим байна. Ер нь Хятадын батлан хамгаалахын зардал сүүлийн хорин жилийн хугацаанд бараг тав дахин өссөн. Тодруулбал, 2002 онд 62 тэрбум ам.доллар байсан бол 2022 онд 296 тэрбум ам.доллар болж өссөн байдаг.

Тайванийн асуудлаар Ерөнхий сайд илүү эрс байр суурийг илэрхийллээ. Өнгөрсөн жилийн тайландаа Ли Чян “Хятад улсыг энх тайвнаар нэгдэх явцыг урагшлуулна” гэж байсан бол энэ удаа “Тайванийн тусгаар тогтнол”-ыг эрс эсэргүүцэж байна, “Хятад улсыг нэгтгэх явдлыг тууштай урагшлуулна” гэлээ. Мөн “Аюулгүй байдал” гэсэн үгийг 29 удаа дурдсан нь тус улс аюулгүй байдалд ихээхэн анхаарч байгааг илтгэж байна.

1949 онд байгуулагдсан УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Ван Хунин чуулганы үеэр ажлын тайлангаа тавьсан. Ван Хунин бол Хятад улсын дарга Ши Жиньпиний зөвлөх, Улс Төрийн Хорооны гишүүний хувьд Хятадын улс төрийн маш том төлөөлөл. Тэрбээр тайландаа шинэчлэлтийг гүнзгийрүүлж, нээлттэй байдлыг өргөжүүлэх хэрэгтэй гэдгээ онцлон тэмдэглээд, 2024 он бол БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож, 14-р таван жилийн төлөвлөгөөнд тусгасан зорилт, зорилтуудыг хэрэгжүүлэх чухал жил гэдгийг онцлон хэлэв.

Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны тайлан нь Хоёр чуулганы хамгийн чухал хэсгүүдийн нэг юм. Үүнээс онцлох зорилт, төлөвлөгөөнүүдийг авч үзвэл, эдийн засгийн хувьд Ли Чян 2024 оны эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн жилийнхтэй адил таван хувьтай байхаар төлөвлөж, гол нь эдийн засгийн тогтвортой байдалд онцгой анхаарна гэв. Эдийн засгийн өсөлтийг хангахад “нарны эрчим хүч”, “цахилгаан автомашин” болон “батарей” гэсэн “шинэ гурван” салбарын хөгжил чухал нөлөө үзүүлэх болов уу гэж үзэж байна. Учир нь өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтийг 5.2 хувьд хүрэхэд дээрх гурван салбар хамгийн том хувь нэмэр оруулсан байна.

Хятадын эдийн засгийн өсөлтөд хүн амын тоо буурч буй байдал, залуучуудын ажилгүйдэл, хүн амын насжилт зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байна. Хятадын хүн ам сүүлийн хоёр жил огцом буурсан. Хятадын Үндэсний статистикийн газрын мэдээлснээр, 2023 онд Хятадын хүн амын тоо нийт 2.75 саяар буурч, 1.409 тэрбум болсон байдаг. Хүн амын бууралтаас шалтгаалж, хөдөлмөрлөх насны хүмүүсийн тоо эрс багасаж, ингэснээр хөдөлмөрийн зардал нэмэгдэж, эдийн засгийн бүтээмж буураад байгаа билээ. Хятадын эдийн засгийн хүндрэлийн нэг гол асуудал нь энэ. Тэгвэл Ерөнхий Сайд Ли Чян ажлынхаа тайланд “Энэ жил хөдөлмөрийн зах зээлд алхан орж буй 11.7 сая төгсөгчийг дэмжих арга хэмжээ авна, мөн улсын хэмжээнд ажил эрхлэлтийн тогтвортой байдлыг хангана, орлогын өсөлтийг дэмжих цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ" гэв.

Мөн тэрбээр илтгэлдээ “Хятад улс төрөлтийг дэмжих бодлогоо сайжруулж, энэ хүрээнд хүүхэд асрах чөлөөний бодлогыг боловсронгуй болгож, холбогдох үүрэг хариуцлагыг хуваалцах механизмыг сайжруулах замаар төрөлтийг нэмэгдүүлнэ. Харин өсөн нэмэгдэж буй өндөр настнуудад үзүүлэх халамж, үндсэн дэмжлэгийг нэмэгдүүлж, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх бодлого баримтална” гэсэн юм.

Үл хөдлөх хөрөнгийн салбар нь Хятадын эдийн засагт сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хурдацтай өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж, ДНБ-ий 30 гаруй хувийг дангаар бүрдүүлж байгаа билээ. Гэвч өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн салбарын дунд хугацааны удааширлыг зохицуулах ажил Хятадын эдийн засгийн тогтвортой байдал, өсөлтийг хангахад чухал ач холбогдолтой болоод байгаа билээ. Тэгвэл тус тайланд Засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн салбарын талаар "зүй зохистой" төслүүдийг санхүүжүүлж, орон сууц худалдан авагчдын санааг зовоож буй дуусаагүй үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэдгийг онцолсон юм.

Тэгвэл “Шинэ чанарын бүтээмж” гэдэгт өндөр зэрэглэлийн, ухаалаг болон цэвэр үйлдвэрлэлийн салбарын системийн шилжилт багтана. Хятадын хөгжлийн бодлогод уг нэр томьёог Ши Жиньпин 2023 онд шинэ эрчим хүч, шинэ материал зэрэг салбаруудын хөгжлөөр дамжуулж, эдийн засгийн өөрчлөлт, өсөлтийг дэмжин, өндөр чанартай, ухаалаг, цэвэр үйлдвэрлэл рүү шилжих зорилготойгоор дэвшүүлсэн юм.

Шинжлэх ухаан инновац нь Хятадын хөгжлийн гол түүчээ хэвээр байх нь. Өмнөд хөрш энэ онд шинжлэх ухаан, технологийн хөрөнгө оруулалтыг 10 хувиар өсгөж, 370.8 тэрбум юань буюу 51.6 тэрбум ам.долларт хүргэнэ гэсэн нь тус улсын эдийн засгийн бүтцийн шилжилтийг амжилттай хийх, гадаад, дотоод төрөл бүрийн сорилт бэрхшээлийг даван туулах, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд том хувь нэмэр оруулах нь лавтай.

Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтад тулгарч буй саад бэрхшээлийг арилгаж, "дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн импортын татварыг зохих ёсоор бууруулна" гэдгээ ч илэрхийлэв.

Хятад улс эрчим хүч, нөөцийн аюулгүй байдлыг хангахын тулд газрын тос, байгалийн хий, стратегийн ашигт малтмалын хайгуул, олборлолтыг эрчимжүүлж, түлшний хэрэглээнд тавих хяналтаа чангатгах болно. Мөн шар буурцаг болон бусад тосны ургамлын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, мал аж ахуй, загас агнуурын үйлдвэрлэлийг тогтвортой байлгаж, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хүнсний аюулгүй байдлыг сайжруулах алхам хийнэ гэдгээ мэдэгдэв.

Ли Чянь Ерөнхий сайд эдийн засгийн тайлангийнхаа төгсөлд Хятадын онцлогтой социализмын үзэл санааг удирдлага болгож, итгэл төгс, эрч хүчтэйгээр урагшилж, бүтэн жилийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилгод хүрэх үүрэг даалгаврыг хичээнгүйлэн биелүүлж, Хятадын орчин үеийн шинэчлэл хөгжлөөр хүчирхэг гүрэн байгуулж, үндэстнээ мандуулах үйл хэргийн төлөө цуцалтгүй тэмцэх болно гэдгийг онцолж байсан юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

БНХАУ-ын "Хоёр чуулган" өндөрлөлөө  
Үзсэн: 3617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй