Шууд Chart

Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

2025-11-24 13:43:13

Төмөр зам, авто замтай огтлолцдог байршлуудад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, автомашины нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж буй. Төслийн нэгдүгээр байршил болох Таван шар, төмөр замын 396 дугаар гармын нүхэн гарцын нийт ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьд хүрсэн бөгөөд гэрэлтүүлэг, ногоон байгууламж, бусад тохижилтыг хийж дууссан. Түүнчлэн явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах 90 метрийн урттай явган хүний гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Мөн явган хүний гарцын зураг төслийг магадлалаар батлуулж, барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. 

Харин төслийн гуравдугаар байршил болох “Гермес” төвийн урд, төмөр замын зоорины нүхэн гарцын төслийн их биеийн бүтээцийн бэлтгэл ажил хийгдэж байна. Тус байршилд түлхэх технологи ашиглан нүхэн гарцын их биеийн бүтээцийг төмөр замын суурь бүтээцийн доор байрлуулж буй бөгөөд гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна. Түлхэх технологийг ашигласнаар галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулахгүйгээр бүтээн байгуулалтыг шуурхай гүйцэтгэх давуу талтай юм. 

Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцын газар чөлөөлөх ажил үргэлжилж, нийт 21 нэгж талбараас 18-ыг нь бүрэн чөлөөлөөд байна. Үлдсэн гурван нэгж талбарын тухайд талуудын зөвшилцлийн шатанд байгаа бөгөөд газар чөлөөлөлт бүрэн дууссаны дараа ирэх хавраас нүхэн гарцын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.


Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна  
Үзсэн: 134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй