Шууд Chart

"Айл бүрийн хашаанд 10 мод" санаачилгад нэгдэхийг уриалав

2024-03-28 13:15:01

Хаврын мод тарих ажил удахгүй эхэлнэ.

Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүрэг ногоон байгууламж нэмэгдүүлэх, мод тарьж, ургуулах чиглэлд мэргэжлийн байгууллагатай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, орлогч дарга Г.Жаргалсайхан, дүүргийн алба хэлтсийн удирдлага, хорооны удирдлага, мэргэжлийн байгууллага төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийн үед "Айл бүрийн хашаанд 10 мод" санаачилгыг илүү үр дүнд хүргэхийн тулд үлгэр жишээ мод тарьдаг иргэдтэй гэрээ хийж, шинээр мод тарьж буй айл өрхүүдэд зөвлөгөө өгөх, тарьсан мод бүрийг эзэнжүүлж, ургуулах тал дээр анхаарах болсон.

Тэгж чадвал багадаа 5000 айлын хашаа бүрт 10 мод ургаж нийт 50.000 модыг эзэнжүүлж, ургуулах боломжтой байна.

Мөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, арчлалтыг хариуцдаг Баянзүрх Эко тохижилтоос ногоон байгууламжтай бүсүүдэд мод, бут тарихаас гадна, мод үржүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хорооны 300 га талбайд баригдаж буй Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгээс тарьж, ургуулах мод, төгөлийн төлөвлөгөө, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран хийх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн зүгээс 2024 оны хаврын мод тарилт мэргэжлийн байгууллага, иргэдийн идэвх, оролцооны үр дүнд бүтээмж өндөр байх болно гэдгийг хэллээ.

Мөн иргэн бүрийг "Айл бүрийн хашаанд 10 мод" санаачилгад нэгдэхийг уриаллаа.


"Айл бүрийн хашаанд 10 мод" санаачилгад нэгдэхийг уриалав  
Үзсэн: 570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй