Шууд Chart

Кувейт улс: Шинэ Эмирийн эрин үе, дахин сонгууль

2024-04-05 17:08:05

Кувейт улс 10 хүрэхгүй сарын дотор дахин парламентын ээлжит бус сонгууль хийж байна.

Хууль тогтоох байгууллага буюу Үндэсний Ассамблейн 65 гишүүний 50 гишүүнийг сонгох ээлжит бус сонгуулийн санал хураалт 2024 оны дөрөвдүгээр сарын 4-нд болж өнгөрлөө.

Энэхүү ээлжит бус бүх нийтийн сонгууль нь 2023 оны 12-р сард угсаа залгамжилсан Эмир Мишал Аль-Ахмадын засаглалын эрин үеийн анхны сонгууль төдийгүй 2020 оноос хойших 4 жилд зохион байгуулагдаж байгаа 4 дэх удаагийн сонгууль юм.

Мөн Кувейт улс түүхэндээ хоёрдахь удаагаа Исламын шашны ариун сар Рамадан сард бүх нийтийн сонгууль явуулж байгаа нь энэ. Өмнө нь 2013 оны сонгуулийг Рамадан сарын үеэр хийж байсан. Мусульман хүн бүр шашин уламжлал, итгэл үнэмшилдээ илүү их төвлөрдөг энэ сард сонгууль хийж буй нь цаг хугацааны хувьд зориуд сонгосон бус хууль, эрх зүйтэй нь холбоотой юм байна.

Кувейтийн Эмир Мишал Аль-Ахмад үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр 2023 онд сонгогдсон Үндэсний Ассамблейг 2024 оны 2-р сарын 15-нд татан буулгасан юм. Учир нь Парламентын гишүүн Эмирийг доромжлох, үл хүндэтгэх зэргийг хориглодог үндсэн хуулийн заалтыг зөрчсөн боловч хууль тогтоох байгууллага нь тухайн гишүүнд хариуцлага тооцохоос татгалзсан нь татан буулгах гол үндэслэл болсон.

Энэ удаагийн ээлжит бус сонгуульд 4.2 сая хүн амтай Кувейт улсын 835.000 гаруй хүн санал өгөх эрхтэй гэж бүртгэгджээ. Парламентын 50 суудлын төлөө энэ удаад 200 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байна. Өнгөрсөн оны 6-р сард болсон сонгуулиар сонгуулийн ирц 52 хувьтай гарч байсан. Энэ удаагийн сонгуулийн кампанит ажлыг залуучуудын сонгуульд оролцох идэвх, тэдний оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ихээхэн төвлөрч явуулсаны зэрэгцээ Рамадан сар таарсан нь сонгуулийн ирц харьцангуй сайн байх болов уу гэж улс төрийн ажиглагчид нь таамаглаж байна.Энэ таамаг бараг биелэлээ олж байна. Сонгуулийн урьдчилсан дүнгээр 70 орчим хувийн ирцтэй явж байна.  

КУВЕЙТ УЛСЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО

Үндэсний Ассемблейн 50 гишүүнийг арван мандаттай таван тойргоос нэг удаагийн санал хураалтаар сонгодог. Улс төрийн нам гэж албан ёсоор бүртгэлтэй байдаггүй учраас нэр дэвшигчид бие даан нэр дэвшдэг гэсэн үг. Гэхдээ улс төрийн олон бүлэглэлүүд де факто улс төрийн нам шиг чөлөөтэй үйл ажиллагаа явуулдаг. Кувейтийн 21-ээс дээш насны бүх иргэн санал өгөх эрхтэй.

2006 оноос хойш Кувейт улс нэг танхимтай Үндэсний Ассамблейн гишүүдийг сонгох олон мандаттай таван тойрогт хуваагдсан. Эдгээр сонгуулийн таван тойрог нь Кувейтийн зургаан мужид хуваарилагдсан 112 орон сууцны бүсийг төлөөлдөг. Сонгогчдын тооноос үл хамааран бүх тойргууд нийт 65 гишүүний 50-ийг нь олонхийн саналаар шууд сонгодог. Кувейт улсад төрсөн, 30 нас хүрсэн, араб хэлээр уншиж, бичих чадвартай, нэр төр, итгэл эвдсэн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлээгүй аливаа иргэн сонгуульд нэр дэвших боломжтой.

КУВЕЙТ УЛС УЛС ТӨРИЙН ХЯМРАЛААС АЛЬ БОЛОХ ХУРДАН ГАРЧ, АРДЧИЛАЛАА БЭХЖҮҮЛЭХ, ХӨГЖЛӨӨ ТҮРГЭСГЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА  

Сүүлийн жилүүдэд улс төрийн маргаанаас болж Үндэсний Ассамблей болон эрх баригч хааны гэр бүлийн хооронд мухардмал байдал үүссэн. Парламентын гишүүд болон эрх баригч хааны гэр бүлийнхний хоорондын улс төрийн хурцадмал байдлын ид үед буюу 2023 оны 6-р сард сонгууль хийсэн. Энэ сонгуулиар сөрөг хүчин олонхийн санал авч парламентад үлдсэн нь Кувейт улсыг улс төрийн мухардмал байдалд хүргэсэн юм. Улс төрийн энэ ужиг хямрал тус улсын эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээ муудах шалтгаан болсон байна. Үүний зэрэгцээ Кувейт улсыг олон улсын зах зээлд нэвтрэх, газрын тосны орлогоос ихээхэн хамааралтай байдлаа бууруулах боломжийг олгох өрийн тухай хуулийг батлах зэрэг төсвийн шинэчлэлд нь саад болж байгаа юм.

Дэлхийд газрын тосны нөөцөөрөө 6-рт бичигддэг Кувейт улс санхүүгийн болон гадаад валютын урсгал нь хүчтэй, тогтвортой байдаг ч улс төрийн хямрал нэн шаардлагатай хөрөнгө оруулалт, шинэчлэлтийг гацаанд оруулжээ. Иймээс тус улсын ард түмэн улс төрийн мухардмал байдлаас хурдан гарахын тулд шинэ хууль тогтоох байгууллагаа бүрдүүлэхээр санал өгч байна. Ард иргэд, сонгогчид нь бүс нутагтаа ардчилалд шилжиж байгаа цор ганц улс гэдгээрээ бахархдаг. Ардчилалыг бүрэн утгаар нь хөгжүүлэхийн тулд хууль тогтоох байгууллагынхаа тогтолцоог хүчтэй, хараат бус, ил тод нээлттэй байлгахын төлөө төр, иргэний хамтын хүчээр багагүй чармайлт гаргаж байгаагын нэг жишээ нь дахин дахин хийж байгаа сонгууль. Иргэдийнх нь дийлэнх хувь нь ойр ойрхон сонгуульд санал өгөхдөө төвөгшөөдөггүй, харин ч  ардчилалаа улам бэхжүүлж, ирээдүй хойч үедээ бат бөх ардчилал, хөгжил цэцэглэлтийг үлдээхийн төлөө бид одоо хичээх ёстой гэсэн үзэл бодолтой юм байна.

КУВЕЙТИЙН ИДЭВХТЭЙ, НЭЭЛТТЭЙ ГАДААД БОДЛОГО

Кувейт Улс 1961 онд тусгаар тогтнолоо олж авснаасаа хойш тэнцвэртэй, шударга, амбицтай гадаад бодлогыг нээлттэй, олон улсын хамтын нийгэмлэгтэй уялдуулан баримталж ирсэн. Хөгжиж байгаа Кувейт бүс нутагтаа идэвхтэй зуучлагч, хүмүүнлэгийн түнш байхын зэрэгцээ аливаа зөрчил маргаанд төвийг сахих бодлого баримталж ирсэн. Харин хөрш Иракийн эзлэн түрэмгийллээс ангижирсныхаа дараа дипломат бодлогоо олон улсын эвсэлд оролцогч улс орнууд руу чиглүүлсэн. Арабын Булангийн дайнаас хойш Кувейт нь дэлхий даяар ялангуяа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн улс орнуудтай холбоотны харилцаа тогтооход ихээхэн анхаарсан. Тухайлбал АНУ, ОХУ, Британи, Франц улсуудтай батлан хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан. 2003 онд АНУ тэргүүтэй Өрнөдийнхөн Иракд дайн эхлүүлж, АНУ Ойрх Дорнодын бүс нутагт өөрчлөлт хийхийг шаардаж эхэлснээс хойш Кувейтийн эрх баригч Эмирийн гэр бүл Исламистууд болон Өрнөдийн талыг баримтлагч либералистуудын шахалттай тулгарч, улмаар хяналтаа сулруулж, эрх мэдлээ хуваалцах болсон. Иймээс Кувейтийн хууль тогтоох байгууллага Арабын Булангийн бусад хаант улсуудынхаас илүү нөлөөтэй, илүү эрх мэдэлтэй болсон юм.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Кувейт улс: Шинэ Эмирийн эрин үе, дахин сонгууль   
Үзсэн: 2406 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй