Шууд Chart

"Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр" тохиож байна

2024-04-23 13:58:13

НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага буюу ЮНЕСКО-оос 1995 онд жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг "Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр" болгон зарласан билээ.
 
Дэлхийн 100 гаруй оронд энэ өдөр зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, иргэд олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих зорилгоор тэмдэглэдэг уламжлал тогтсон байна.
 
Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эх хэл бичгийн сан хөмрөгөөс олон нийтэд зориулан дэлхийн сонин хачин, өвөрмөц номын сангуудын тухай цувралаар толилуулдаг уламжлалтай билээ.
 
Энэ удаад Бээжин хотын шинэ номын сангийн тухай товч танилцуулга хүргэж байна.
 
 
Бээжин хотын шинэ номын санг 2018-2023 онд барьсан бөгөөд дэлхийн хамгийн саруул уншлагын танхимтай номын сан юм. Нийт 75000 мкв талбайтай, 16 метр өндөр 144 баганаар тулж, дээвэр болон ханыг сайн чанарын шилээр хийжээ. Хана, дээврийг шилээр хийсэн тул номын сангийн аль ч хэсэгт нарны гэрэл шууд тусдаг давуу талтай ажээ.
 
Тус номын сан нь Бээжин хотын Тунжоу дүүрэгт байрладаг. Тунжоу нь Бээжин хотын зүүн урд хэсэгт байрладаг, шинэ хөгжлийн бүс юм. Уг номын сан нээгдсэнээр тус дүүрэг дэх гоёмсог хийцтэй, архитектурын өвөрмөц шийдэл бүхий уран барилгуудын нэг болжээ. Энэхүү номын сангийн барилгыг борооны усыг дахин ашиглах систем, байгаль, хүрээлэн буй орчинд ялгаруулах нүүрстөрөгчийн хэмжээг багасгасан зэрэг байгальд ээлтэй, орчин үеийн байдлаар шийдсэн. Тиймээс уг аварга барилга нь БНХАУ-ын Орон сууц, хот, хөдөөгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлдэг Ногоон байгууламжийн үнэлгээний гэрчилгээ олгох хөтөлбөрийн хамгийн дээд буюу “3 од” шагнал хүртжээ.
 
Номын сангийн ач холбогдлыг нийтэд сурталчлах, оюуны соёлын чухал тулгуур байлгахын тулд тус номын санг боловсрол, соёлын төв болгохоор төлөвлөж, үзэсгэлэнгийн талбай, хурлын танхим, эртний номыг сэргээн засварлах танхимтайгаар барьжээ.
 
Номын сангийн төвд орших саруул танхимыг дов толгод мэт өвөрмөц загвараар хийсэн бөгөөд энд ном уншихаас гадна үйлчлүүлэгчид амарч, чөлөөтэй уулзаж ярилцах боломжтой. Төв танхимаас өмнөд, хойд хаалга болон номын сангийн бусад танхим руу шууд явж хүрч болдог нь давуу тал болно. Мөн ном хүлээн авах, хадгалах, түгээх автомат систем (Automated Storage and Retrieval Systems)-ийн төхөөрөмжөөр тоноглогдсон тул ном хүлээн авах, түгээх ажлыг робот үйлчлэгч хийдгээрээ өвөрмөц онцлогтой ажээ гэж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс мэдээллээ. 
 
 

"Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр" тохиож байна   
Үзсэн: 614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй