Шууд Chart

ОХУ тактикийн цөмийн зэвсгийн сургуулилалт явуулна

2024-05-07 14:39:31

ОХУ цэргийн сургуулилалтынхаа нэг хэсэг болгож тактикийн цөмийн зэвсгийн сургуулилалт хийнэ гэдгээ мэдэгдлээ.

АНУ, Их Британи, Франц зэрэг барууны орнуудын болзошгүй аюул занал нэмэгдэж байгаа тул ийм сургуулилалт хийхээр боллоо гэж Кремлийн зүгээс тайлбар өгсөн байна.

Хоёр жилийн өмнө Орос-Украины дайн эхэлснээс хойш ОХУ цөмийн зэвсэг ашиглаж магадгүй гэдгээ ямагт анхааруулсаар ирсэн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд ОХУ-ын цөмийн зэвсгийн нөөц, хөгжүүлэлт, бэлтгэл ажил зэрэг аливаа идэвхжсэн шинж тэмдэг ажиглагдаагүй гэж АНУ-ын зүгээс үзэж байсан байна.

АНУ болон Европын орнууд Украинд хэдэн арван тэрбум доллараар нь тусламж үзүүлж, зэвсгээр хангаж байгаа нь дэлхийн энх тайвныг улам алдагдуулж, дайн мөргөлдөөнийг улам дэвэргэж байна гэж ОХУ-ын зүгээс буруутгаж байна.

Барууны орнуудын тусламжаар авсан зэвсгээрээ Украин улс ОХУ-ын нутаг дэвсгэр лүү халдаж байгаа нь цөмийн зэвсэгтэй их гүрнүүдийн хоорондох мөргөлдөөний гол сэжим болж байна гэж мөн дурджээ.

Тиймээс ОХУ стратегийн бус цөмийн зэвсгийг тараан байршуулах, хэрэглэхэд бэлтгэх дадлага багтаасан цэргийн сургуулилалт зохион байгуулна гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдлээ.

Энэ сургуулилалтыг Ерөнхийлөгч Владимир Путин үүрэгдсэн гэдгийг ч мөн дурдсан байна.

Сургуулилалтад Кавказын нуруу орчимд байрлалтай ОХУ-ын өмнөдийн цэргийн ангийн пуужингийн салаа, нисэх хүчнийнхэн, усан цэргийн хороо оролцоно гэж дурджээ.

Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар энэ удаагийн сургуулилалт нь Оросын Холбооны эсрэг барууны зарим заналхийлэл, өдөөн хатгалга бүхий байр суурийн хариу болгож авч байгаа арга хэмжээ болоод Оросын газар нутаг, бүрэн бүтэн байдлыг бататгах гэсэн үйл ажиллагаа гэж тодорхойлсон байна.

ОХУ стратегийн бус цөмийн зэвсгийн сургуулилалт явуулна гэдэг нь дэлхий дахинд цөмийн зэвсгийн аюулын түгшүүрийг нэмэгдүүлж байна гэсэн үг гэж олон улсын агентлагууд бичсэн байна.

ОХУ, АНУ хоёр бол дэлхийд хамгийн олон цөмийн зэвсэгтэй гүрнүүд юм.

Дэлхий даяар нийт 12100 орчим цөмийн зэвсэгт техник хэрэгсэл байгаагаас 10600 нь энэ хоёр улсад байдаг гэсэн судалгаа таамаг байдаг.

Тэдний араас БНХАУ цөмийн зэвсэгт техникийн тоогоороо ордог бол Франц, Их Британи улс удаалдаг байна.

Америкийн шинжлэх ухааны судлаачдын холбооны мэдээллээр бол ОХУ-д 1558 стратегийн бус цөмийн зэвсэг техник байдаг. Гэхдээ Оросын тал мэдээллээ чандлан нууцалдаг тул яг ямархуу зэвсэг техник эзэмшдгийг нь хэлэх аргагүй гэж дүгнэдэг.

Цөмийн зэвсэгтэй их гүрнүүд 1945 оноос хойш нэг ч удаа дайны цагт цөмийн зэвсэг ашиглаагүй ирсэн. 1945 онд АНУ анх удаа Японы Хирошима, Нагасаки хотуудын дээрээс цөмийн бөмбөг хаясан байдаг.

Түүнээс хойш цөмийн зэвсгийн хүн төрөлхтөнд учруулж болох эрсдэлийг тооцож өнөө хэр нь ашиглахаар аль ч улс төвдөж зүрхлээгүй байна. Гэвч тодорхой хэмжээнд цөмийн зэвсэг эзэмшигч улс бүр дотооддоо цөмийн зэвсгийн туршилт сургуулилалт явуулсаар байдаг.

Гэхдээ энэ удаа ОХУ-ын явуулах гэж байгаа сургуулилалт шиг тэр бүр олон нийтэд зарлаад байдаггүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ тактикийн цөмийн зэвсгийн сургуулилалт явуулна   
Үзсэн: 319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй