Шууд Chart

Дэлхийн өнцөг булан бүрт үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдэж байна

2024-05-07 14:48:30

Дэлхийн хэд хэдэн бүсэд үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна. Зүүн Африкийн Кени улсад 4-р сарын дундуур эхэлсэн үерийн улмаас амиа алдсан хүний тоо 228 болж өслөө. Олон арван жил ган гачиг нүүрлэсэн энэ улсад гэнэт их хэмжээний усархаг бороо ороход хөрс нь шингээж чадалгүй үерлэснээс газрын гулгаа зэрэг үүсэж өнөөдрийн энэ нөхцөл байдал үүссэн байна. 5-р сард ч үерийн нөхцөл байдал улам хүндрэх шинжтэй байгааг хүмүүнлэгийн байгууллагууд анхааруулж байна. Тэгвэл Өмнөд Америкт мөн л их хэмжээний бороо орж үерлэсний улмаас Бразил улсад  78 хүн амь эрсэджээ.

Кени улс болон хөрш зэргэлдээ Танзани, Бурунди улсын нутаг дэвсгэр дээгүүр сүүлийн хэдэн арван жил маш их ган гачигтай байсан. Харин 2023 оны 10-р сараас эхэлж их хэмжээний усархаг бороо далайн Эль Нино урсгалын нөлөөгөөр орж эхэлсэн. Олон арван жил ган гачигтай байсан газар гэнэт их хэмжээний бороо ороход хөрс нь даалгүй үерлэж, хөрсний гулгаа зэрэг аюулт үзэгдэл болдог. Үүний уршгаар Кени улсад хэдэн зуун хүн амь үрэгдэж, хэдэн зуун мянган хүн орон гэрээсээ дайжаад байна. 5-р сарын цаг агаарын төлөвийг харвал нам дор газрууд, нуурын эрэг орчмын газрууд болон хотожсон бүсүүдэд үер үргэлжлүүлэн болохоор байна. Харин эгц уул нурууны бэл, толгод, гуу жалгатай газруудаар хөрсний гулгаа үүсэх төлөвтэй байна. Үерийн ус, хөрсний гулгаа, үерийн усанд урссан мод зэргээс болж байшин барилга, зам, гүүр зэрэг дэд бүтцүүд ихээхэн сүйдээд байна. Кени улс нь Зүүн Африкийн хамгийн том эдийн засагтай орон ч энэ удаагийн үер маш их хохирол дагуулж байгаа нь ойлгомжтой байна. Амиа алдсан 200 гаруй хүнээс гадна 160 гаруй хүн бэртэж гэмтэж, 200 мянга гаруй хүн орон гэрээсээ дайжсан гэдгийг Кенийн дотоод хэргийн яам мэдээлжээ. Тэгвэл тропикийн чийглэг дулаан уур амьсгалтай Бразил улсад мөн л их хэмжээний усархаг борооны улмаас амиа алдсан хүний тоо өссөөр байна. Одоогоор багадаа 100 гаруй хүн сураггүй алга болсон, 80 мянга орчим хүн орон гэрээсээ дайжсан байна.

Бразилын өмнөд нутгийн Рио Гранде до Сул мужид хамгийн их устай бороо орж, хохирол амсаад байна. Тус мужийн 500 орчим хот суурингийн 70 орчим хувь нь үерт өртжээ. Үерийн ус мөн л зам, гүүр зэрэг дэд бүтцүүдийг эвдсэн. Мөн хүрсний гулгаа үүсэж, усан цахилгаан станцын далан нурсан гэсэн мэдээлэл байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн өнцөг булан бүрт үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдэж байна  
Үзсэн: 350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй