Шууд Chart

Гал зогсоох тохиролцоог “Хамас” бүлэг зөвшөөрсөн ч Израил улс дайралтаа үргэлжлүүлнэ гэв

2024-05-07 15:05:08

Газын зурвас дахь дайны галыг зогсоох тохиролцоонд хүрэх хэлэлцээ үргэлжилж байна. Даваа гарагийн байдлаар "Хамас" бүлэг энэ тохиролцооны нөхцөлийг хүлээн авч, зөвшилцөлд хүрэхэд бэлэн байгаа талаар зуучлагч орнууд мэдээлсэн.

Гэвч энэ тохиролцооны нөхцлүүд Израилын шаардлагатай нийцэхгүй байгаа тул Израил улс тохиролцоог хүлээн авч гал зогсоохгүй, төлөвлөсөн ёсоороо "Рафах" боомт руу довтолно гэдгээ дахин илэрхийллээ.

Газын зурвасын дайн найм дахь сарын босгон дээр ирсэн байна. Израил улс Газын зурвасын дийлэнх хүн ам төвлөрсөн байгаа "Рафах" боомт хот руу агаар болон хуурай замаар довтлохоор бэлтгэж байгаа тул тэндхийн иргэдийг нэн даруй нүүлгэн шилжүүлэхийг шаардсаар байна.

Энэ дайны галыг зогсоох тохиролцоонд гарын үсэг зурахад бэлэн гэж "Хамас" бүлгийн удирдагч Исмаил Ханиеэ зуучлагч Катар болон Египет улсад мэдэгдэл хүргүүлсэн байгаа юм.

Харин Израил улсын зүгээс тус тохиролцоо Израилын шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн ч тохиролцоонд өөрийн талын ашиг сонирхлыг тусгуулахын тулд зуучлалын үйл явцад төлөөлөгчөө илгээнэ гэж мөн мэдэгдсэн байна.

Дайтагч талуудын хоорондох тохиролцооны хэлэлцээг үргэлжлүүлэхээр Катар улсын төлөөлөгч Египетийн нийслэл Каирыг өнөөдөр зорьж байна гэсэн мэдээлэл байна.

Зуучлагч талуудад тодорхой хэмжээний байр суурь эзэлдэг Иордан улсын Гадаад хэргийн сайд Аяман Сафади цахим хуудсаараа дамжуулж Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг Рафах хотыг бөмбөгдөх замаар хэлэлцээг амжилтгүй болгож байна гэж шүүмжилжээ.

Харин Израилын зүгээс "Хамас" бүлэг тохиролцоог хүлээн зөвшөөрөх гэж байгаа нь өнгөн тал төдий. Египетийн дэвшүүлсэн гал зогсоох тохиролцооны баримт бичгийг "Хамас"-ын тал өөрт ашигтайгаар зөөлрүүлж, Израилын хүлээн зөвшөөрөхийн аргагүй нөхцөлүүдийг тусгасан байсан гэж дурджээ.

Ийм шалтгаанаар Израилын тал энэ тохиролцоог хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа нь олон улсад Израил албаар хэлэлцээнээс хойш сууж байгаа юм шиг харагдуулж байна гэж мөн дурдсан байна.

Харин Израилын холбоотон АНУ-ын зүгээс гал зогсоох тохиролцооны нөхцлүүд биелүүлэхэд ямар ч асуудал байгаагүй. "Хамас"-ын хариуны талаар Вашингтон холбоотнуудтайгаа ярилцана гэсэн байр суурь илэрхийлжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гал зогсоох тохиролцоог “Хамас” бүлэг зөвшөөрсөн ч Израил улс дайралтаа үргэлжлүүлнэ гэв  
Үзсэн: 339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй