Шууд Chart

Европын Холбоо ОХУ-ын царцаасан хөрөнгийг Украинд тусламж болгон шилжүүлэхээр тохиров

2024-05-09 13:27:55

Европын Холбооны төлөөлөгчид өчигдөр хуралдаж, Европын банкин дахь ОХУ-ын царцаасан хөрөнгөөс орсон орлогыг ашгийг Украинд батлан хамгаалахын тусламж болгон шилжүүлэхээр тохиролцжээ. Одоогоор энэ тусламжийг эцэслэн батлах баримт бичгийг боловсруулах шатандаа яваа юм байна. Европын Холбооноос Украинд үзүүлэх тусламжийн 90 хувийг цэргийн тусламж болгон гаргахаар төлөвлөж байгаа бол үлдсэн 10 хувийг нь өөр хэлбэрээр олгоно гэж Европын Холбооны дипломат эх сурвалж мэдээлсэн байна.

2022 оны 2-р сард ОХУ Украин руу халдан довтолж, дайн эхэлснээс хойш Европын банкууд дахь ОХУ-ын 300 тэрбум долларын хөрөнгийг царцаасан юм байна. Тэр цагаас хойш Европын Холбоо болон Долоогийн бүлгийн орнууд энэ царцаасан хөрөнгийг хурааж авах эсэх, хэрхэн захиран зарцуулах тал дээр чамгүй урт хугацааны туршид хэлэлцсээр ирсэн. Энэ жил Европын Холбоог даргалж байгаа Бельги улсын зүгээс ОХУ-ын царцаасан хөрөнгөөс унасан ашгийг Украинд цэргийн тусламж хэлбэрээр шилжүүлэхээр тохиролцсон гэж цахим хуудсаараа дамжуулж мэдэгдсэн байна. Европын банк ОХУ-ын царцаасан хөрөнгөөс 2027 он гэхэд 37 орчим тэрбум долларын ашиг унагах тооцоо байна. ОХУ-ын хөрөнгө царцаасан хэлбэрт байгаа тул хүү нь маш их өссөн талаар Европын банк мэдээлсэн. Цаашлаад жил бүр царцаасан хөрөнгөөс унах 3 тэрбум орчим еврогийн хөрөнгөөр Украинд зэвсэг худалдан авч өгөхөөр төлөвлөж байгаа юм байна. Долоогийн бүлгийн гишүүний хувиар АНУ-ын зүгээс ОХУ-ын царцаасан хөрөнгийг тэр чигт нь хураан авах санал дэвшүүлсэн. Гэхдээ Европын зүгээс хөрөнгө хураан авахтай холбоотой хууль эрхзүйн асуудал болоод еврогийн ханшинд нөлөөлж магадгүй гэх эрсдэлийг тооцож АНУ-ын энэ саналыг хүлээн авахаас татгалзсан. Саяхан Вашингтоны зүгээс ОХУ-ын царцаасан хөрөнгийг Украинд зээл хэлбэрээр олгох санал мөн дэвшүүлсэн байна.

Харин өнгөрсөн 4-р сарын сүүлээр ОХУ-ын зүгээс хэрвээ царцаасан хөрөнгийг нь оролдох юм бол маш хатуу хариу арга хэмжээ авч, хуулийн дагуу тэмцэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Тэгвэл Европын Комиссын дарга Урсула Фон дер Ляейн энэ царцаасан хөрөнгийг Европын аюулгүй байдлыг бодож Украинд тусламж болгон шилжүүлэхээс өөр дээр шийдвэр байхгүй гэж дурджээ. Европын худалдааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Валдис Домбровскис мөн Украинд үзүүлэх тусламжийн хөрөнгийн сангийн шийдвэрийг сайшаасан байна. Тэрээр Украинд нэн даруй тусламж үзүүлж эхлэх хэрэгтэй гэдгийг онцлоод энэ зун хамгийн эхний цэргийн тусламж болгож 1 тэрбум еврогийн тусламжийн хувь илгээнэ гэж мэдэгдсэн байна. Украинд цэргийн тусламж үзүүлэх хуулийн төсөлд одоогоор Австри зэрэг төвийг сахигч гишүүн улсууд санал өгөхгүй цагаан хуудас өгөх боломжтой юм байна. Эдгээр төвийг сахигч орнууд нь Украинд цэрэг зэвсгийн тусламж үзүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Австрийн гадаад хэргийн яамнаас Европын Холбоо байр суурийг нь хүндэтгэж, санал өгөхгүй төвийг сахих байр суурийг нь хэвээр хадгалуулж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын Холбоо ОХУ-ын царцаасан хөрөнгийг Украинд тусламж болгон шилжүүлэхээр тохиров  
Үзсэн: 299 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй