Шууд Chart

“Тоёота” групп өнгөрөгч онд түүхэндээ хамгийн өндөр ашигтай ажиллажээ

2024-05-09 14:28:35

Өнгөрөгч 2023 оны санхүүгийн жилд Японы Тоёота концерн бараг таван их наяд иений ашигтай үйл ажиллагаа явуулсан дүнгээ өчигдөр зарлалаа. Энэ нь ганц Тоёота-гаар зогсохгүй, Япон улсын компани аж ахуйн нэгжийн түүхэнд хамгийн өндөр дүн болсныг мөн хэвлэлүүд онцолж байна. Хайбрид буюу хос хөдөлгүүртэй машиных нь борлуулалт өндөр байгаагаас гадна иений ханшийн сулрал мөн багагүй үүрэг гүйцэтгэсэн гэдгийг шинжээчид тэмдэглэж байна.

Тус концерны үйл ажиллагааны үр ашиг жилийн өмнөхөөс бараг хоёр дахин нэмэгдэж, 5.3 их наяд иен буюу 34.5 тэрбум ам.долларт хүрч өссөн байна. Эдний цэвэр ашиг болон борлуулалтын дүн ч бас, Дайхацу, Хино компаниуд бас эгнээнд нь багтдаг Тоёота группийн бүх цаг үеийн дээд үзүүлэлтэд хүрчээ.  “Тоёота моторс”-ын Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Кожи Сато өчигдөр болсон хэвлэлийн хурал дээр, энэ амжилтаа чанартай бүтээгдэхүүн гаргаж, бизнесийн үндэс сууриа бүрдүүлэхэд гол төвлөрч ирсэн удирдлагынх нь олон жилийн ажлын үр дүн гэж үзэж байгаагаа ярьжээ. “Приус” загварууд гарч эхэлсэн цагаас л энэ хүчин чармайлт нь үр дүнгээ өгч, Америкийн зах зээлд хүртэл хос хөдөлгүүрт машин гол тоглогчид болсон гэдэг ойлголт бүрдсэн” гэдгийг тэр тэмдэглэжээ. Энэ жилийн хувьд “Тоёота” цахилгаан болон устөрөгчийн хөдөлгүүртэй машинууд гэсэн “гол эрэлттэй салбарууддаа”, бас хүний капиталдаа хөрөнгө оруулснаар сая сүүлд зарласнаар 27,8 хувиар бага буюу 3,57 их наяд иений цэвэр ашигтай ажиллах тооцооллыг хэдийнэ хийсэн байна. “Бид тодорхой хүрээнд Хятадаас нэлээд хоцрогдож яваа гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа… Гэхдээ автомашин үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөж байгаа япон компанийн хувьд тэр зөрүүг ихэсгэж болохгүй гэдгийг бид мэдэж, хэрхэн эргэлт гаргах тухайд бодлого боловсруулахаар төлөвлөж байна” гэж Тоёота-гийн санхүүгийн захирал Йоичи Миязаки мөн ярьсан байна. 2023 оны  санхүүгийн жилд бүх төрөл маркийн автомашинаас 11,1 саяыг борлуулснаар анх удаа 10 сая давсан борлуулалт хийснээ Тоёота өнгөрсөн сард зарлаж байсан. Үүнд овор багтаамж багатай Королла, Рав4 жийп зэрэг хайбрид машинуудынх нь борлуулалт 31 хувиар нэмэгдсэн нь чухал түлхэц үзүүлсэн. Харин цахилгаан машины борлуулалт нь хавьгүй доогуур 116 500 гэдэг дүн үзүүлжээ.

Тоёотагийн хувьд Приус загварыг гаргаснаар хос хөдөлгүүртэй автомашины салбарт анхдагч болсон, гэхдээ одоо, цэвэр цахилгаан машин үйлдвэрлэлд шилжих гэж яаравчлахгүй байгаад нь Тоёотаг болоод Японы бусад үйлдвэрлэгчдийг чамгүй шүүмжилдэг. Гэхдээ хэтэрхий өндөр үнэтэй, бас найдвартай ажиллагаа болоод нөөц цэнэг, цэнэглэлтийн цэгүүд дутмаг зэрэг олон нөхцөл шалтгааны улмаас хэрэглэгчид цэвэр цахилгаан машинд төдийлөн таашаахгүй байгааг авч үзвэл Тоёотагийн стратеги нэг талаар зөвтгөх талтайг шинжээчид хэлж байна. Гэхдээ Тоёота 2026 он хүртэлх хугацаанд жилдээ 1,5 сая, 2030 он гэхэд 3,5 сая цахилгаан машин борлуулахаар зорьж байгаа юм байна. Мөн эднийх хатуу төлөвт батарей бөөнөөр үйлдвэрлэж эхлэхээр зорьж, ингэснээр цэнэглэлт илүү хурдасч хол зам туулах чадвартай болох технологийн онцгой чухал дэвшил болно гэж найдлага тавьж байна.

2023 оны санхүүгийн жилд Тоёота-гийн борлуулалтын хэмжээ Хойд Америкт 13,8 хувиар,Европт 10,8 хувиар, Япондоо 8,7 хувиар тус тус өсөлт үзүүлжээ. Харин BYD зэрэг дотоодын үйлдвэрлэгчид нь давамгайлж байгаа, цахилгаан машины хамгийн том үйлдвэрлэгч Хятад улсад гэхэд Тоёота 1,9 сая машин борлуулснаар ердөө 1,4 хувийн өсөлт үзүүлсэн юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Тоёота” групп өнгөрөгч онд түүхэндээ хамгийн өндөр ашигтай ажиллажээ   
Үзсэн: 372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй