Шууд Chart

Дэлхийн нийт эрчим хүчний 30 хувь нь сэргээгдэх эх үүсвэрээс гарч байна

2024-05-10 14:12:01

Эрчим хүчний "Эмбер" судалгааны байгууллагаас гаргасан тайланд дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 30 хувь нь сэргээгдэх эх үүсвэрээс гарч байгааг дурджээ. 

Тэр дундаа нар, салхин станцын эрчим хүчний үйлдвэрлэл эрчимтэй өсөж байна.

Дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр Европын Холбоо тэргүүлж, дэлхийн дунджаас давжээ.

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ одоо ямагт өсөж, олборлодог түлшний хэрэглээ эрчимтэй буурах нь гарцаагүй гэдгийг тус судалгааны байгууллага дурдсан байна.

"Эмбер" судалгааны байгууллага дэлхийн нийт эрчим хүчний эрэлтийн 92 хувийг бүрдүүлдэг 80 улсад явуулсан судалгаа болоод 215 орны түүхэн мэдээлэлд тулгуурлаж ийм тайлан боловсруулсан байна.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдсэний ачаар олборлодог түлшний эдийн засгийн өсөлтийг 75 хувь удаашруулж чаджээ.

Тэр дундаа нарны эрчим хүчний үйлдвэрлэл шинжээчдийн тооцоолж байснаас хурдацтай нэмэгдэж байна гэж дурдсан байна.

Гайхалтай нь өнгөрсөн 2023 онд нарны эрчим хүч дэлхийн хэмжээнд нийт эрчим хүч үйлдвэрлэлээрээ тэргүүлсэн байна.

Нарны цахилгаан станцууд нүүрсэн станцаас хоёр дахин илүү эрчим үйлдвэрлэжээ. Улмаар 19 дэх жилдээ дараалж эрчимтэй өсөж байгаа эрчим хүчний эх үүсвэр гэдэг байр сууриа хадгалсан байна.

Сэргээгдэх эрчим хүч дэлхийн хэмжээнд нийт эрэлтийн 30 хувийг хангаж байгаа бол Европын Холбоонд 44 хувийг нь хангаж байна.

Европын Холбоо мөн дэлхийн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлийн өсөлтийн 17 хувийг дангаараа бүрдүүлжээ. Гишүүн улсуудаар нь авч үзвэл, Грек улс тэргүүлж байна.

Грек улс сэргээгдэх, сэргээгдэхгүй эрчим хүчийг хослуулж хэрэглэх хувь 19 хувьд хүрсэн бол Унгарынх 18 хувь, Нидерланд улс 17 хувьтай байна.

Харин дэлхийд Чили улс эрчим хүчний хослолоор тэргүүлж, 20 хувьд хүрчээ.

Европын Холбоо бүхэлдээ ногоон эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлсэнд Европын ногоон эрчим хүчний хэлэлцээр чухал үр нөлөөтэй байсан гэж судалгааны байгууллага тайландаа дурдсан байна.

Түүнээс гадна Украины дайны нөлөөгөөр Европ даяар ОХУ-ын олборлодог түлшнээс хамааралтайгаа ойлгож, эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэхээр шаргуу ажиллаж эхэлсэн нь ч нөлөөлсөн гэж үзсэн байна.

Судалгааны нэг хэсэгт мөн дэлхийн нийт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл 2023 онд байснаасаа ч илүү байх боломжтой байсан гэж дурджээ.

Харамсалтай нь Хятадад болсон ган гачгийн улмаас дэлхийн нийт усан цахилгаан станцын үйлдвэрлэл хумигдсан нь 2023 онд хүрэх боломжит хувилбарыг арай хумьсан гэж тайлбарласан байна.

Хэрвээ усан цахилгаан станцын хүчин чадал дээд цэгтээ ажиллаж байсан бол 2023 онд олборлодог түлшний хэрэглээ 1.1 хувиар буурах байсан аж. 

Гэвч усан цахилгаан станц хангалттай үзүүлэлт харуулаагүй тул олборлодог түлшний хэрэглээ 1 хувиар өсжээ.

Дэлхий даяар 2023 оныг олборлодог түлшний хэрэглээ оргил цэгтээ хүрэх үе гэж тодорхойлсон. Үүнээс цааш олборлодог түлшний хэрэглээ буурч эхэлнэ гэж таамаглан тооцоолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн нийт эрчим хүчний 30 хувь нь сэргээгдэх эх үүсвэрээс гарч байна   
Үзсэн: 664 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй