Шууд Chart

Бенжамин Нетаньяху: АНУ зэвсэг нийлүүлэлтээ зогсоосон ч Израил бие даан аюулгүй байдлаа хамгаална

2024-05-10 14:37:56

Газын зурвас дахь дайныг зогсоох хэлэлцээ үргэлжилж байна.

Хэлэлцээний үеэр гарсан гал зогсоох тохиролцоог Израилын тал хүлээж аваагүй. Улмаар Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах боомт хот руу явуулах довтолгоогоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн.

Харин Израилын хамгийн том холбоотон АНУ Израилын энэ үйлдэл хэлэлцээний явцад саад учруулна гэж үзэж Израил руу зэвсгийн нийлүүлэлтээ түр царцаана гэж мэдэгдсэн. Гэвч Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху АНУ зэвсгийн нийлүүлэлтээ зогсоосон ч Израил улс бие даан аюулгүй байдлаа хамгаална гэж мэдэгджээ.

АНУ бол Израилын батлан хамгаалах салбарт хамгийн их хөрөнгө оруулдаг улс. Гэвч Газын зурвасын дайн эхэлснээс хойш иргэдийн амь нас хохирох хохирлын хэмжээ нэмэгдэж байгаагаас АНУ агаарын бөмбөгний нийлүүлэлтээ царцаасан байгаа юм. Одоо Израил улс Рафах боомтыг бөмбөгдөж, бүхлээр нь эзэлж авахаар давших юм бол бусад төрлийн зэвсэг нийлүүлэлтээ царцаана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн.

Харин Бенжамин Нетаняхугийн зүгээс 1948 онд эхэлсэн Израил-Арабын дайны дурсамжийг нэхэн сануулж, АНУ-ын анхааруулгыг үл тоож байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрбээр “76 жилийн өмнө бид тусгаар тогтнолынхоо эсрэг тэмцэж байхад цөөхүүлээ байсан. Бидэнд зэвсэг байгаагүй. Бидэнд зэвсгийн хориг тавьсан байсан. Гэвч бидний итгэл зүтгэл, баатарлаг үйлс, нэгдмэл байдал маань ялалтад хөтөлсөн” гэж хэлжээ.

АНУ-ын зэвсгийн нийлүүлэлт зогслоо ч дайтсаар байх болно гэдгээ үүгээр илэрхийлсэн гэж олон улсын агентлагууд бичсэн байна.

Бенжамин Нетаньяхугийн Засгийн газар ч түүний үгийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Израил Рафах боомт руу довтлохоор бэлтгэж байгаа сургаар Даваа гарагаас хойш Рафах хотоос 80 мянган хүн дүрвэн гарсан гэдгийг НҮБ мэдээлж байна.

Гэсэн ч одоо ч сая гаруй хүн дүрвэн чигжсэн байгаа Рафах боомтод Израилын бүслэлтээс үүдэж хоол хүнс, түлшний хомсдолд орж, хүмүүнлэгийн нөхцөл байдал улам хүндэрч байна.

Израил Египетээс Рафахаар дамжиж тусламж ордог хэсгийг бүсэлж, байнга хянаж байгаа. НҮБ-ын тусламжийн багийнхан ажилчдынхаа аюулгүй байдлыг бодож Рафах руу нэвтрэхээс цэрвэсээр байна.

Ийм нөхцөлд хоёр талын энхийн хэлэлцээ явцгүй сунжирч байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Хоёр талын төлөөлөгчид Египетийн нийслэл Каирт очиж, зуучлагчдын явуулж байгаа хэлэлцээнд оролцсон. Гэвч өчигдрийн байдлаар Израил, "Хамас"-ын төлөөлөгчид хэлэлцээг орхин гарсан гэсэн мэдээлэл байна.

Найм дахь сар руугаа орсон Газын зурвасын дайны улмаас Палестины 35 мянган хүн амь үрэгдсэн бол "Хамас" бүлгийн барьцаанд одоо ч 128 хүн байсаар байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бенжамин Нетаньяху: АНУ зэвсэг нийлүүлэлтээ зогсоосон ч Израил бие даан аюулгүй байдлаа хамгаална  
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй