Өчигдөр буюу Лхагва гарагт Словак Улсын Ерөнхий сайд Роферт Фико буудуулж, эмнэлэгт яаралтай хүргэгдсэн. Түүнийг санаатай алахыг завдсан халдлага гэж Словакийн эрх баригчид мэдээлж байна. Тэрээр өчигдөр засгийн газрын уулзалтаа тараад явж байхад нь энэ хэрэг гарчээ. Гэмт хэрэгтэн Ерөнхий сайд руу таван удаа буудаж, ерөнхий сайд эмнэлэгт хагалгаанд орсны дараагаар биеийн байдал нь дээрдэж, шарх нь аминд нь халгүй болсон гэж орон нутгийн болоод олон улсын хэвлэлүүд бичиж байна. Улс төрийн орчинд гэмт хэрэг хүчирхийлэл ховор гардаг Словак улсад ийм хэрэг гарсанд олон улсын зүгээс гайхаж анхаарал хандуулж байгаагаа илэрхийлжээ.
Ерөнхий сайдын амин үзүүлэлтүүд одоогоор дээрдэж байгааг Словакийн шадар сайд, сайд нар мэдээлж байна. Түүн рүү таван удаа буудахад нэг сум гэдсэн тус газрыг нь нэвтэлж, бас нэг сум үеийг нь оножээ. Ерөнхий сайд Фикогийн аминд халдах гэсэн энэ үйлдэл бол улс төрийн сэдэлтэй, ерөнхийлөгчийн сонгуулийн дараачаас удаан бодож төлөвлөсөн гэмт хэрэг байлаа гэж Словакийн дотоод хэргийн сайд Матус Сутаж Эсток өөрийн үнэлэлт дүгнэлтээ илэрхийлсэн байна. Энэ халдлагыг 71 настай эрэгтэй үйлдсэн гэж Словакийн хэвлэлүүд мэдээлж байна. Европын Холбооны гишүүн, НАТО-гийн гишүүн төв Европын энэ улсад гарсан гэмт хэргийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон Европын Холбооны түнш орнууд нь гайхан цочирдож хүлээн авч байгаагаа илэрхийлж, халдлага үйлдэгчийг зэмлэн буруутгажээ. 5 сая 400 мянган хүн амтай энэ улсад сүүлийн жилүүдэд улс төрийн хэт туйлширсан үзэл, талцал эрс нэмэгдэж байгаа гэж Ройтерс тодорхойлж байна.
Өнгөрсөн сард Словакт ерөнхийлөгчийн сонгууль болсон. Энэ сонгуулиар ерөнхий сайд Фикогийн байр суурь улам батажсан гэж улс төр судлаачид үзэж байгаа. Роберт Фико нь 2006 оноос хойш гурван ч удаа Словак улсын ерөнхий сайдын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа хүн юм. Хамгийн сүүлд 2023 оны 10-р сард тэрээр дахин ерөнхий сайд болоод засгийн газрын бодлогыг эрс өөрчилсөн. Түүнийг Словакийн эрх мэдлийг бүрэн атгахад боломжтой бодлого боловсруулж байна гэж сөрөг хүчнийхэн шүүмжилж байсан юм. Фикогийн шинэ засгийн газар Европыг Холбооны бусад орнуудаас ялгарч, Украиныг дэмжих бодлогыг хумьж, ОХУ-тай нээлттэй яриа хэлцэл өрнүүлэх талыг баримталж эхэлсэн. Мөн авлигын гэмт хэрэгтэй тэмцэж, оногдуулах шийтгэлийг сулруулсан, тусгай прокурорын албыг татан буулгасан, хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэх уриаг үл харгалзан Словакийн ОНРТ-ийг шинэчлэх бодлого баримталж байгаа зэрэг нь сөрөг хүчнийхэн болон эсэргүүцэгчдийг улам өдөөж байна гэж олон улсын ажиглагчид үзэж байна.
Словак Улсын Ерөнхий сайд халдлагад өртөв | ||
Үзсэн: 666 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.