Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /БХАН/, Нийслэлийн Боловсролын газар, Бүх Нийт Боловсролын төлөө Үндэсний Эвсэлтэй хамтран "Бодлогын мэтгэлцээн" төрлөөр мэтгэлцээний арга хэмжээг нийслэлийн төрийн өмчит сургуулийн захирлуудын дунд зохион байгуулж дүнгээ гаргалаа.
Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах, мэтгэлцээний төлөвлөгөө болон асуудлыг шийдэх нотолгоонд Боловсролын ерөнхий хуулийг дэмжлэг болгон ашиглах зорилготой бодлогын мэтгэлцээнд нийслэлийн ерөнхий боловсролын 114 сургуулийн захирал оролцсон. Тэд 38 багт хуваагдан хүүхдийн хөгжил төлөвшлийг сургалтын үйл ажиллагаа ба сургалтын хөтөлбөртэй нягт уялдуулах, эцэг эх, асран хамгаалагчдыг суралцагчдын аюулгүй байдалд анхаарч, оролцуулах төлөвлөгөөтэй байх, ялгаатай хэрэгцээ бүхий хүүхдийн сурах хөгжих үйл явцад бүх тал дэмжлэг үзүүлэх, хичээл, сургалтыг орон нутгийн хүрээлэн буй орчинтой уялдуулах, бүх хүүхдийг сургуулийн гадна үлдээлгүй ерөнхий боловсролыг заавал эзэмшүүлэх зэрэг сэдвийн хүрээнд мэтгэлцлээ.
Бодлогын мэтгэлцээнд оролцогчдод Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан амжилт хүсч хэлсэн үгэндээ “Боловсролын ерөнхий хуулийг сурталчлан таниулах, салбарын шинэчлэлийн амин сүнс болсон хот, хөдөөгийн сургууль болон хувийн хэвшил, улсын сургуулийн ялгааг арилгах ажилд та бүхний хичээл зүтгэл чухал үүрэгтэй. Бид боловсролын шинэчлэлийн хүрээнд хөтөлбөрийн, санхүүжилтийн, багшийн хөгжлийн, үнэлгээний, удирдлагын менежментийн, цахим шилжилт гэсэн зургаан шинэчлэлтийг хийнэ. Ингэснээр гэрт ойрхон сургууль, цэцэрлэг хамгийн сайн байх боломж бий болно” гэсэн юм.
Бодлогын мэтгэлцээний бусад мэтгэлцээний төрлөөс ялгагдах гол онцлог нь шийдлийг хоёр тал дэмжих, шийдлээс төлөвлөгөө рүү шилжих, нөхцөлийг илүү сайжруулна гэдгийг батлахыг шаарддаг. Мөн тухайн асуудлыг шийдэх боломжит хувилбар төлөвлөгөөг хэрэгжүүлснээр одоогийн нөхцөл байдлыг илүү дээрдүүлнэ гэж талууд авч үздэг бөгөөд нотлогчийн төлөвлөгөөг одоогийн нөхцөл байдалтай жишин үзэх байдлаар мэтгэлцээн явагддаг.
Захирлуудын дунд явагдсан мэтгэлцээний тоглолт тэмцээний дүн гарахад:
- Тэргүүн байрт 28 дугаар баг (24 дүгээр сургууль Т.Нарантуяа, 50 дугаар сургууль Б.Амар, 39 дүгээр сургууль Б. Нэргүй)
- Дэд байрт 26 дугаар багт (51 дүгээр сургууль О.Мягмаржав, 164 дүгээр сургууль Л.Даваамаа, 157 дугаар сургууль Ч.Оюунтуяа)
- Гутгаар байрт 31 дүгээр баг (МУИС-ийн дэргэдэх Байгаль эх лицей ахлах сургууль П.Түвшинтөр, 133 дугаар сургууль С.Дэжидсүрэн, 159 дүгээр сургууль Г.Түвшинжаргал)
- Тусгай байрт 12 дугаар баг (115 дугаар сургууль С.Оюун, 52 дугаар сургууль Л. Цэрэнханд, 132 дугаар сургууль Л.Батсайхан) нар шалгарав.
Мэтгэлцээний шүүгчээр БХАН-ийн захирал Б.Батжаргал, “Бүх нийт Боловсролын төлөө үндэсний эвсэл”-ийн ерөнхий зохицуулагч Д. Тунгалаг, БХАН-ийн хөтөлбөрийн захирал Г.Оюунжаргал, МҮЭ-ийн төлөөлөл Г.Галбадрах, иргэний нийгмийн байгуулагын төлөөлөл С.Ганчимэг, Б. Ариунцэцэг, Ц.Мандхайхатан нар ажиллалаа хэмээн БШУЯ-наас мэдээллээ.
Бодлогын мэтгэлцээнд нийслэлийн 114 сургуулийн захиралууд өрсөлдөв | ||
Үзсэн: 575 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.