Шууд Chart

“Шинэ Хархорум” хотын инженер геологийн судалгаа, байр зүйн зураглал хийж байна

2024-05-21 13:28:53

“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдаж “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт, инженер геологийн судалгаа, байр зүйн зураглал, 2024 онд хэрэгжүүлэх зураг төслийн ажлын явцын талаар хэлэлцлээ.

Шинэ хот байгуулахад тухайн газар нутгийн байгаль, цаг уур, газрын гадаргын тогтоц, усны нөөц, газар хөдлөлийн мужлал, хөрс чулуулгийн шинж чанар, төлөв байдлыг зайлшгүй тодорхойлох шаардлагатай.

Тус ажлуудын хүрээнд “Шинэ Хархорум” хотын инженер геологийн нарийвчилсан судалгаа, М1:2000 масштабтай байр зүйн зураг зохиох ажлуудыг эхлүүлж хээрийн судалгааны ажил дууссан бөгөөд суурин боловсруулалтыг хийж байна.

“Шинэ Хархорум” хотын хүн амын унд ахуйн зориулалттай газрын доорх усны эх үүсвэрийн эрэл хайгуулын судалгааны ажлын тендер сонгон шалгаруулалтыг явуулж, гүйцэтгэгчид гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн. Мөн 2024 онд хэрэгжүүлэх археологийн хайгуул, судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, инженерийн дэд бүтцийн эх үүсвэр тодорхойлох ТЭЗҮ боловсруулах зэрэг ажлуудын зургийн даалгаврыг боловсруулан тендер сонгон шалгаруулалтыг явуулахаар бэлтгэж байна.

Шинээр хот байгуулж байгаа олон улсын жишгийн дагуу “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж 54 улсын нийт 428 багаас хүсэлт ирүүлсэн.

Оролцогчдын бүтээлүүдээр 2024 оны долоодугаар сарын 28-ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдрийн хооронд Улаанбаатар хотод үзэсгэлэн гаргаж, олон нийтээс санал авахаар төлөвлөөд байна.

Үндэсний хорооны хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргаж холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

  • Инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг эцэслэн батлуулж, төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэх;
  • “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн зохион байгуулахад шаардлагатай тооцоо, судалгааг гаргаж, хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлүүлэх асуудлыг Засгийн газарт танилцуулах;
  • Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын явцыг цаг тухай бүр танилцуулах;
  • 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх зураг төслийн ажлын тендерийг холбогдох хуулийн дагуу шуурхай зохион байгуулах.
  • Эхний ээлжийн инженер геологийн судалгаа, байр зүйн зургийн ажлыг эцэслэн дуусгаж, захиалагчийн дүгнэлтийг гаргана гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ. 

“Шинэ Хархорум” хотын инженер геологийн судалгаа, байр зүйн зураглал хийж байна  
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй