Шууд Chart

Олон улсын эрүүгийн шүүх Израил, Хамасын удирдагчдыг дайны гэмт хэрэгт буруутгав

2024-05-22 12:25:56

Олон улсын эрүүгийн шүүх Израил, Хамасын удирдагчдыг баривчлах зөвшөөрөл удахгүй олгож мэдэхээр нөхцөл байдал үүссэн нь олон улсад нэлээд анхаарал татаж байна. Дайны гэмт хэргийг гол шүүн шийдвэрлэдэг энэ шүүхийн ерөнхий прокурор өчигдөр танилцуулсан баривчлах хүсэлтдээ, сүүлийн долоон сар гарны туршид дайтаж байгаа хоёр тал, түүний дотор Израилын ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг нэр цохож оруулсан. Харин талуудын аль аль нь өөрсдийг нь буруутгаж байгаа үндэслэлүүдийг эрс үгүйсгэсэн байр суурь илэрхийлээд байна.

ОУЭШ-ийн ахлах прокурор Карим Хан даваа гарагт Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, БХЯ-ны сайд Йоав Галант, палестины Хамас бүлгийн Исмаил Хания нарын 3 удирдагчийг баривчлах хүсэлт гаргаснаа зарласан. Прокурор мэдэгдэлдээ 10-р сарын 7-нд Израилын өмнөдөд цөмрөн орж 1200-аад хүний аминд хүрч, 250-аад хүнийг барьцаалсан Хамас бүлгийн үйлдэл, хариуд нь  Газын зурваст явуулж байгаа Израилын цэргийн ажиллагааны уршгаар 35,0 гаруй хүний амь эрсэдсэн гэдэг Газын эрүүл мэндийн байгууллагын мэдээллийг дурджээ.

Карим Хан Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхий прокурор “Израил бусад бүх улсын адил өөрийгөө, ард иргэдээ хамгаалах эрхтэй. Барьцааны хүмүүсийг эргүүлэн авах эрх мөн тус улсад бий. Гэхдээ энэ нь Израилыг олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг дагаж мөрдөх үүргээс чөлөөлөхгүй. Энгийн хүн ам, тэр дундаа асар олон тооны хүүхэд эмэгтэйчүүдэд өлсгөлөн, үхэл хагацал, бэртэл шарх, зовлон зүдгүүр санаатайгаар учруулж байгаа нь цэрэг улс төрийн зорилгоо хангах зорилгоор үйлдэж байгаа гэмт хэрэг юм” гэж ярилаа.

Нетаньяху Хаагийн шүүхийн прокурорын энэ дүгнэлтийг, ардчилсан Израил улсыг алан хядагч Хамастай жишиж адилтгасан, бодит байдлаас хэт тасархай хэмээн жигшин зэвүүцэж байгаагаа мэдэгдсэн. ХАМАС мөн, хохирогчдыг зандалчидтай нэг жишигт авч үзсэнд прокурорыг буруутгаж, Израилын эзэрхийллийг эсэргүүцэх, тэр дундаа зэвсэгт тэмцэл явуулах эрх өөрсдөд нь бий гэжээ. Дээрх хүмүүсийг баривчлах тушаал гаргах эсэхийг одоо ОУЭШ-ийн шүүх бүрэлдэхүүн эцэслэж шийдэх юм. Энэ үйл явц хэдэн сараар үргэлжилж болзошгүй, ямартай ч ийм тушаал батлагдах нөхцөлд ОУЭШ-ийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрдөг улс орнууд нэр заагдсан хүмүүсийг баривчлах үүрэг хүлээнэ гэсэн үг юм. ОУЭШ-ийн ерөнхий прокурорын хүсэлтийг Израилын гол холбоотон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Герман зэрэг улс буруутгаж, харин Францын ГХЯ дэмжсэн байр суурь илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олон улсын эрүүгийн шүүх Израил, Хамасын удирдагчдыг дайны гэмт хэрэгт буруутгав  
Үзсэн: 309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй