Шууд Chart

НОБГ-ыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагналаа

2024-05-24 12:11:56

Нийслэл хотын иргэдийг гамшгийн аюулаас авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа нийслэлийн Онцгой байдлын газрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагналаа.
 
Нийслэлийн Онцгой байдлын газар нь 20 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын нийт 48.803 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гамшгийн аюулаас 20 гаруй мянган эрдэнэт хүний амь нас, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Энэ нь улсын хэмжээний гал түймэр, аюулт үзэгдэл ослын нийт дуудлагын 35.9 хувь, аварсан эрдэнэт хүний 47.3 хувь, авран хамгаалсан эд хөрөнгийн 80 гаруй хувийг тус тус эзэлж байна.
 
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ “Эх орны зүрх, гал голомт болсон нийслэлээрээ овоглож, нийслэлийн иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж байгаа нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид сүүлийн 20 жилийн хугацаанд нийт 48,803 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 20 гаруй мянган эрдэнэт хүний амь нас, нэг их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.
 
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэдэг алба хаагчдаа ард түмэн хайрлан хүндэлдэг билээ. Эх орон, ард түмнийхээ төлөө алтан амиа өргөсөн аврагчдын баатарлаг үйлс, гэгээн дурсгал ард түмэн, хамт олных нь зүрх, сэтгэлд мөнх оршиж, үүрд дурсагдах болно.
 
Онцгой байдлын байгууллагын үйл хэрэг өргөжин тэлж, үйлс зорилго нь биелэн төгөлдөржиж сүлд хийморь нь өөдөө байж, сүр хүч нь улам мандан бадрах болтугай” гэлээ.
 
Харин ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллагын цөм болсон НОБГ өнөөдөр төрдөө үнэлэгдэж, түмэн олондоо ажил, үйлсээ тайлагнаж байгаад баяртай байна. Үе, үеийн алба хаагчдын манлайлал, ур чадвар, аврагчдын сэтгэл, зүрх бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье” хэмээн онцолсон юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.

 


НОБГ-ыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагналаа  
Үзсэн: 473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй