Шууд Chart

Риши Сунак долоодугаар сарын 4-нд бүх нийтийн сонгууль явуулах тов зарлав

2024-05-24 15:36:59

Их Британы Ерөнхий сайд Риши Сунак ирэх 7 сарын 4-нд бүх нийтийн сонгууль явуулах тов өчигдөр зарласан байна. Таван жилд нэг удаа болдог Британы дараагийн сонгуулийн хуулийн хугацаа нь 2025 оны 1 сар. Гэхдээ ЗГ наана нь тов зарлах эрхтэй, энэ асуудлыг удаан хэлэлцсэн ч тодорхой шийдгүй өнөөдрийг хүрээд байсан юм. Улмаар Британы улс төрийн намуудын удирдагчид зургаан долоо хоног үргэлжлэх сонгуулийн кампанит ажлаа өнөөдрөөс эхлүүлж улс орон даяараа сурталчилгааны аяндаа гарчээ.

Тиймээс ч Риши Сунак ийнхүү гэнэт тов зарлаж, британичууд цаашдын ирээдүйгээ тодорхойлох цаг ирлээ гэж мэдэгдсэн нь нэлээд гэнэтийн мэдээ болсон байна. Сонгууль намар явагдах нь гэдэг хүлээлттэй байх үед Риши Сунак ийм шийдвэр зарласныг олон хүн инфляц сүүлийн 3 жилийн хамгийн доод 2,3 хувийн түвшинд очсон албан мэдээтэй холбож байна. 2022 оны сүүл үед 11 хувьд байсан инфляц 4 сард энэ дүнд очсоныг Сунак өөрийнх нь төлөвлөгөө урагш сайтай байгаагийн нотолгоо гээд, хүндрэлтэй үеийг давж чадсан улс орныхоо ЭЗ-н тогтвортой байдлын үүднээс Тори намыг дэмжихийг сонгогчдод уриалжээ. 44 настай Риши Сунак 2022 онд Ерөнхий сайдын албанд орохдоо өгч байсан нэг гол амлалт нь инфляц бууруулах, цагаачдын урсгалыг хумих байсан. Гэвч эдийн засаг эерэг төлөвт орсон нь засгийн бодлого гэхээсээ дэлхийн ЭЗ-д гарч байгаа өөрчлөлттэй илүү уялдаатай гэж тоймчид үзэж байна. Үүний өмнөх 2019 оны сонгуульд Борис Жонсон тэргүүтэй консервативчууд итгэлтэй ялалт байгуулж гарч ирсэн ч ковид цар тахлын үеийн ЗГ-ийн үйл ажиллагаа, түүний дараах хэл ам таталсан асуудлууд, араас нь залгасан эдийн засгийн хүндрэл бэрхшээлийн улмаас эрх баригч намын нэр хүнд ихээр унажээ.

Олон нийтийн санал асуулгаар Консерватив намын дэмжлэг одоо хэр, гол сөрөг хүчин Лейборист намаас 20 гаруй хувь доогуур байна. Сунакийн араас Лейборист намын дарга Кир Стармер мөн сонгуульд бэлэн байгаагаа илэрхийлж, энэ сонгуулийг улс орон нийгмээ өөрчлөх боломж гэж мэдэгдсэн байна. Тэрээр консертивчууд дахин 5 жил засаглаад юу ч өөрчлөгдөхгүй, одоогийн байдлыг халж, Британи улсыг сэргээх өөрчлөлтийг авчирна гэж амлажээ. Дараагийн 5 жилд эрх барих хүчнийг тодорхойлох 7 сарын 4-ний сонгуулийн тухайд иргэдийн байр суурь олон янз байгаа ч санал асуулгуудаар, лейбористууд шинэ Төлөөлөгчдийн танхимд 400-с ч олон суудал авч мэдэхээр дүр зураг харагдаж байгааг хэвлэлүүд уламжилж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Риши Сунак долоодугаар сарын 4-нд бүх нийтийн сонгууль явуулах тов зарлав  
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй