Шууд Chart

ЦЕГ: 295 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ

2024-05-27 11:51:47

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт  буюу 2024 оны 05 дугаар сарын 20-оос 05 дугаар сарын 26-ны өдрүүдэд 36.437 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 295 хэргийг хүргүүлсэн байна.
 
Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 9, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 108, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Өмчлөх эрхийн эсрэг 109, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 44, бусад 5 хэрэг байна.
 
Зөрчлийн шинжтэй 47.477 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 47.728 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
 
Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 46.712 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1016 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
 
Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2521, Танхайрах 150, Хүний биед халдах 303, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 266, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 42.451, бусад 2.037 зөрчил байна.
 
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 72 иргэнд 21.600.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 266 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
 
Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 22, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 57, оршин суугаа газраасаа сураггүй алга болсон хүн 101, шүүхээс даалгасан хүн 97, зөрчил үйлдсэн этгээд 51 олж тогтоон ажилласан.
 
Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:
 
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын оршин суугч Г-ийн гэрээс 2016 онд соёлын биет өв болох бурхан, шашны зан үйл, түүхийн ач холбогдолтой 82 ширхэг эд зүйлс хулгайд алдагдсан. Энэ хэргийг үйлдсэн иргэн “Б” 7 жилийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Өгөөмөр” захын орчимд иргэн “З”-д худалдахаар тохиролцсон байна. Улмаар “З” цааш дамжуулж уг соёлын биет өвийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн “В”-д худалдан борлуулсан болох нь тогтоогдоод байна. Дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж иргэн “Б”-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн дагуу соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, энэ оны 05 сарын 20-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлээд байна.
 
Дорнод аймгийн Баяндун суманд оршин суух иргэн Б нь энэ оны 04 дүгээр сарын 16-ны өдөр үнс нурмыг ил задгай хаясны улмаас 350 гаруй сая төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдлийг тогтоон Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ.
 
Иргэн Д нь Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс 04 дүгээр сарын 18-ны өдөр зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг ургаа бэлтгэж, экологи-эдийн засгийн үнэлгээгээр 330,362 төгрөгийн хохирол учруулж мөн хууль бусаар бэлтгэсэн 39 ширхэг хус модыг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр хүртэл гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн үйлдлийг тогтоон Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ.
 
Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:
Өнгөрсөн долоо хоногт буюу 05 дугаар сарын 21, 22-ны өдөр цахим орчинд нэр бүхий 2 цахим хаягаас “Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Honda Сr-z” маркийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохдоо хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн, Нийслэлийн 23-р сургуулийн хажууд байх явган хүний зам дээр байнга машин зогсдог” гэх мэдээлэл нийтлэгдсэн. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэлд цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж “Хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн”, “Тээврийн хэрэгслийг замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан” зөрчилд холбогдогч 2 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар жолоодох эрх хасах болон торгох шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн.
 
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

 


ЦЕГ: 295 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ  
Үзсэн: 377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй