Шууд Chart

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, БНХАУ-ын Ерөнхий сайд нарыг Сөүлд хүлээн авч уулзаж байна

2024-05-27 13:57:10

БНСУ-ын Ерөнхийлөгч Юүн Сог Ёл БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян, Япон улсын Ерөнхий сайд Кишида Фүмио нарыг Сөүл хотноо өнөөдөр хүлээн авлаа. Азид хөгжлөөрөө тэргүүлэгч энэ гурван улсын өндөр дээд албан тушаалтнууд дөрвөн жилийн дараа анх удаа гурван талт яриа хэлэлцээ өрнүүлэх гэж байгаа нь энэ гэж олон улсын хэвлэлүүд бичсэн байна. Гурван улсын төлөөлөл эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан технологи, соёл, ажиллах хүчний солилцоо, эрүүл мэнд, хүн амын насжилтын талаар гээд нийтдээ зургаан салбар сэдвийн хүрээнд хэлэлцэж, хамтарсан мэдэгдэл гаргах төлөвтэй байна.

Гурван улсын удирдагчид олон улсын харилцаа нэлээд хурцадмал тогтворгүй үед олон талт хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр уулзаж байна гэж олон улсын хэвлэлүүд онцлон бичжээ. Гурван улс хамгийн сүүлд 2019 онд гурван талт чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр байгуулахаар яриа хэлцэл өрнүүлж байсан нь тэр үедээ царцсан байсан юм. Энэ яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцож магадгүй гэж Ройтерс агентлаг бичсэн байна. Хятадын Ерөнхий сайд Ли Чян гурван талт хамтын ажиллагааг нээлттэй, шилэн байдлаар явуулахыг энэ удаагийн уулзалтын эхэнд уриалсан гэж Хятадын Синхуа агентлаг мэдээлжээ. Тэрээр мөн олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа ч энэ гурван улсын харилцаа өөрчлөгдөөгүй хэвээр хадгалагдаж чадсан гэж дурджээ. Дөрвөн жилийн дараа болж байгаа энэ уулзалтаар манай улсуудын харилцаа хамтын ажиллагаа шинээр эхэлж байна гэж Хятадын Ерөнхий сайд дурджээ.

Сүүлийн жилүүдэд Хятад болоод АНУ-тай холбоотон гэж тооцогддог БНСУ, Японы хооронд Вашингтон-Бээжингийн сөргөлдөөнд байдлын улмаас үл итгэлцэл үүсэж байсныг гурван улс эвлэрүүлэхээр хичээж байна гэж олон улсын шинжээчид үзэж байна. Өнөөдөр эхэлсэн гурван талт уулзалтаас өмнө Ням гарагт БНХАУ-ын ерөнхий сайд Ли Чян болоод БНСУ-ын ерөнхийлөгч Юүн Сог Ёл нар хоёр талт уулзалт хийж, хоёр улс дипломат, аюулгүй байдлын яриа хэлэлцээ өрнүүлж, чөлөөт худалдааны яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ гэж тохиролцжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, БНХАУ-ын Ерөнхий сайд нарыг Сөүлд хүлээн авч уулзаж байна  
Үзсэн: 417 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй