Шууд Chart

Папуа Шинэ Гвиней улсад хөрс нурж 600 гаруй хүн үрэгджээ

2024-05-27 14:08:21

Номхон далайн Папуа Шинэ Гвиней улсад өнгөрөгч долоо хоногт уулархаг газрын хөрс нурж 600 орчим хүн сураггүй алга болсон, дарагдаж амиа алдсан байж болзошгүй гэж НҮБ мэдээлж байна. Тус улсын хойд нутгийн Энга мужид 150 гаруй барилга хөрсөнд дарагдсан тул амиа алдсан байж болзошгүй хүний тоог ингэж тооцоолж байгаа юм байна. Дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч газрын гадаргын тогтворгүй байдал, байгалийн гамшиг тохиолдсон бүсийн алслагдмал зай, хөрсөнд дарагдаж сүйдсэн замууд эрлийн ажилд саад болж байна гэж Шинэ Гвиней улсын албаныхан мэдээлж байна.

Нурсан хөрсөн доогуур ус үерлэх эрсдэлтэй тул дарагдсан хүмүүс болоод эрлийн ажилчдад маш хүндрэлтэй байгааг НҮБ-ын цагаачлалын албанаас мэдээлжээ. Одоогоор хөрсний нурангид 150 барилга дарагдсан, 1250 орчим оршин суугч орон гэрээсээ дайжиж, 250 барилга хаягдаж хоцорчээ. Дарагдсан барилгууд 8 метр зузаан хөрсөнд дарагдсан. Дарагдсан хүмүүсийг ухаж гаргахын тулд маш зузаан давхаргыг цэвэрлэх шаардлагатай гэж хүмүүнлэгийн байгууллагууд тайлбарлаж байна. Гамшиг болсон газар 4000 орчим хүн оршин суудаг байжээ. Одоогоор их хэмжээний хөрсний нурангийг цэвэрлэхээр армийнхан очоод байгаа юм байна. Хөрсийг хурдан хугацаанд ухаж зайлуулах чадалтай хүнд машин техник хэрэгтэй байгаа ч Энга мужийн алслагдмал тосгон руу хүрэх гол зам хаагдсан тул хүндрэл үүссэн гэж тайлбарлаж байна. НҮБ-ын тусламжийн байгууллагаас гамшиг болсон газар луу хүнс ус зөөх, орон гэрээсээ дайжсан хүмүүсийг байршуулах газар бэлдэхэд тусалж байна гэж мэдээллээ.

Одоогоор 6 хүний цогцсыг гаргаж ирсэн гэж олон улсын агентлагууд мэдээлж байна. Аврах ажиллагааны явцаас хамаарч эндсэн хүний тоо хэд ч хүрч болзошгүй гэж НҮБ дурдлаа. Гамшгийн нөхцөл байдлыг газар дээрээс нь үзүүлсэн цахим дүрс бичлэгүүдийг харвал аврах багийнхан найман метр зузаан хөрсийг хүрз, гараараа ухаж байгаа дүрс ажиглагдана. Хөрсний гулгаанаас амьд үлдсэн оршин суугчид эрлийн ажлыг зогсоох цаг нь болсон гэж үзэх хүртэл аврах ажиллагаа үргэлжилнэ гэж НҮБ мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Папуа Шинэ Гвиней улсад хөрс нурж 600 гаруй хүн үрэгджээ  
Үзсэн: 370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй