Шууд Chart

Доха-Дублин чиглэлийн нислэг агаарын ширүүн урсгалд орж, 12 хүн бэртэв

2024-05-27 15:10:38

Өчигдөр буюу Ням гарагт Катарын Доха хотоос Ирландын Дублин хүрэх нислэг агаарын ширүүн урсгалтай таарч, хүчтэй дайвалзсаны улмаас 12 хүн бэртэж гэмтжээ. Тэдний зургаа нь нисэх багийн гишүүн байсан байна. Өмнө долоо хоногт мөн л бас нэг олон улсын нислэг агаарын ширүүн урсгалтай таарч, олон арван хүн бэртэж гэмтэн, нэг зорчигч бэртлийн улмаас нас барсан хэрэг гарсан. Энэ удаагийн нислэг хүчтэй дайвалзсан хоёр дахь нислэг болж байна гэж олон улсын хэвлэлүүд онцолжээ.

Дублины нисэх буудлын цахим хуудсан дахь мэдээллээс үзвэл Дохагаас-Дублин чиглэлд нисэж явсан энэ онгоц Туркийн дээгүүр өнгөрч явахдаа агаарын хүчтэй урсгалд өртөж, зорчигчид бэртсэн байна. Азаар энэ нислэг Ням гарагийн 13 цагаас өмнө хуваарьт цагтаа Дублинд хүрч чаджээ. Нисэх онгоц газардсан даруйд түргэн тусламжийнхан зорчигч, нислэгийн багийнханд анхны тусламж үзүүлсэн. Нисэх буудлын цагдаагийн алба, онцгой байдлынхан мөн бэлэн байдалд хүрч очжээ. Нисэх буудлын ажилчид бусад зорчигчдод мөн онгоцноос буухад тусалж байсан гэж мэдээлсэн байна. Нислэгийг үйлдсэн Катар Эйрвэйс компани онгоц дайвалзаж, хүмүүс бэртсэн хэргийг шалгаж байна гэж мэдээлжээ. Зорчигчдын хэлж байгаагаар хоол цайгаар үйлчлэх үеэр онгоц таван секунд хэртээ доош огцом унах шиг болсон байна. Зарим зорчигч онгоц дайвалзах үеэр суудлын бүсээ зүүх тэмдэг асахгүй байсныг дурдсан байна. Онгоц хүчтэй дайвалзсаныг Дублины нисэх буудал урьдчилж мэдээлэл хүлээн авч, түргэн тусламжийнхныг бэлдсэн байсан байна. Энэ хэргийн улмаас Дублины онгоцны буудалд ямар нэг саатал үүсээгүй гэдгийг баталж байна. Тэгвэл энэ хэрэгтэй төстэй хэрэг мөн үүнээс тав хоногийн өмнө Лондонгоос Сингапур хүрэх чиглэлийн нислэг мөн л агаарын ширүүн урсгалтай таарч, хүчтэй дайвалзсан. Тус нислэгээр 211 зорчигч явсны 100 гаруй нь бэртэж, 20 нь эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэн, 73 настай Британийн нэгэн иргэн эндсэн юм. Сингапур Эйрлайны онгоц маш хүчтэй дайвалзсан тул зорчигчид онгоцон дотроо шидэгдэж, толгой, тархи, нуруундаа гэмтэл авчээ. Онгоц тэр даруй Тайландын нисэх буудалд яаралтай бууж, эмнэлгийн тусламж авсан.

Сингапурын тээврийн сайд энэ хэргийг шалгаж байгаа гэж мэдээлсэн. Нислэгийн дата мэдээллээс үзвэл онгоц 1800 метрийн өндөрт огцом доошилсон байна. Хэдхэн секундийн дотор энэ явдал болсон тул зорчигчид суудлын бүсээ зүүж амжаагүй гэж тайлбарласан байна. Энэ ослын дараачаас Сингапур Эйрлайнс суудлын бүсний журмаа чангатгаж, хүчтэй урсгалтай таарах үед илүү анхаарал болгоомжтой байх журам мөрдүүлж эхэлж байгаа юм байна. Судалгаагаар онгоцны зорчигчид автомашин, бусад тээврийн хэрэгслээр зорчигчдыг бодвол суудлын бүс тэр бүр зүүдэггүй, хэт тайван байдаг, үүний уршгаар агаарын хүчтэй урсгалтай таарахад гэмтэж бэртэх эрсдэл нэмэгддэг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Доха-Дублин чиглэлийн нислэг агаарын ширүүн урсгалд орж, 12 хүн бэртэв  
Үзсэн: 1115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй