Шууд Chart

ХЭҮК, МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдлагууд санал солилцлоо

2024-06-12 15:25:55

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбогдуулан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд иргэд, олон нийтийн мэдэх эрхийг хангах, соён гэгээрүүлэх үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон бусад холбогдох хууль журмыг мөрдөх, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримтлаж, ур чадвар, ёс зүй, нэр төр, аюулгүй байдлаа хангаж ажиллах шаардлагын талаар ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг-Эрдэнэ нар Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаатай санал солилцлоо.

Ардчилсан нийгмийн нэг мөн чанар нь иргэд төр засгаа нээлттэй сонгох шударга үйл явц бөгөөд сонгууль нь иргэдийн шууд оролцооны эрхээ эдлэх суурь эрх юм. Засаг төрийг эмхлэн байгуулахад иргэдийн санал, шийдвэрт чөлөөт, бодит мэдээлэл чухал нөлөө үзүүлдэг.

Тиймээс сонгуулийн үед иргэдийн үнэн бодит мэдээлэл олж авах эрх, ашиг сонирхолд үйлчлэхэд хэвлэл мэдээлэл онцгой үүрэг хүлээдэг болохыг Комиссын дарга Д.Сүнжид уулзалтын эхэнд онцлоод хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид аливаа нам, эвсэл, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг тэнцвэртэй мэдээлэх,  хэн нэгний эрх ашигт үйлчлэх хандлага гаргахгүй байх, мэдээллийн үнэн, бодит эсэхийг нягтлах зэргээр олон нийтийн мэдэх эрхийг хангаж ажиллахад сэтгүүл зүйн салбарын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар улсын хэмжээнд нийт 600 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр хэвлэлийн байгууллагууд ойролцоогоор 4500 орчим хүн ажилладаг. Тэдгээрийн эрх ашгийг хамгаалах төв байгууллага бол Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэдгийг дурдаж, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд мэргэжлийн ёс зүйн зарчим хийгээд холбогдох хууль тогтоомжийг мөрдлөгө болгон ажиллах үүргийг сануулахад Комисстой хамтран ажиллахад бэлэн гэв.

Харин  Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа иргэний мэдэх эрхийг хангахын тулд иргэдийн оролцоотойгоор ёс зүйтэй хэвлэл мэдээллийг төлөвшүүлэхэд Хэвлэл мэдээллийн зөвлөл анхаарч ажиллаж ирсэн. Тус зөвлөлөөс сонгуулийн үед сэтгүүлчид ёс зүйн хэм хэмжээгээ чанд мөрдөн ажиллахыг тогтмол уриалдаг. “Сонгуулийг ёс зүйтэй сурвалжлах нь” нэртэй бодлогын баримт бичгийг боловсруулж, редакцуудад хүргүүлсэн.

Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа мэргэжлийн хараат бус судлаачидтай хамтран “Сонгуулийн үеийн хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалт ба ёс зүй” сэдэвт мониторинг хийсэн.

Ингэхэд тус оны эхний арван сарын байдлаар худал мэдээлэл тараах гэмт хэргийн зөрчилтэй холбогдуулан прокурорын байгууллагаас нийт 206 гомдлыг хянаж шалгасан байсан. Үүний 188 нь буюу бараг 92 хувь нь нийгмийн мэдээллийн сүлжээгээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлсэн гэх иргэдтэй холбоотой. Үлдсэн 8 орчим хувь нь хэвлэл мэдээллийн байгууллагад хамаарч байсан" гээд сэтгүүлчдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, сонгуулийн үеэрх хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах нь чухал гэлээ.

Ташрамд дурдахад, Хэвлэлийн Хүрээлэнгээс УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны мониторинг хийсэн. Тус мониторингийн үр дүнгээр “Сонгуулийн сурталчилгааны албан ёсны хугацаанд буюу 2020 оны 06 дугаар сарын 2-ноос 22-ны өдрүүдэд фэйсбүүкээр түгээсэн, сонгуультай холбоотой мэдээллийн 80 гаруй хувь нь төрөл бүрийн ил, далд ухуулга, сурталчилгаа болон өрөөсгөл, дэгсдүүлсэн, бүрэн бус, гуйвуулсан мэдээлэл байв.

Эдгээрээс зөвхөн 20 орчим хувь нь нам, нэр дэвшигчийн нэр, лого бүхий хууль ёсны сурталчилгаа байсан бол үлдэж буй дийлэнх хэсэг нь ухуулга байх магадлалтай хувь хүний үзэл бодол, мөн бусдын үзэл бодлыг баримт мэт харагдуулах, нэр дэвшигч, нам, эвслийн нэр хүнд, итгэл үнэмшлийг унагах, дөвийлгөх, буруутгах, эргэлзээ төрүүлэх зорилго бүхий мэдээлэл байв гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос мэдээллээ.


ХЭҮК, МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдлагууд санал солилцлоо  
Үзсэн: 281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй