Шууд Chart

Хоёр Солонгосын хил дээр Өмнөдийн талаас анхааруулах буудлага хийжээ

2024-06-13 13:52:41

Өнгөрсөн ням гарагт Умард Солонгосын цэргүүд Өмнөдтэй залгаа хил дээрх цэрэггүй бүсэд нэвтэрснээр Өмнөд Солонгосын цэргийнхэн хэд хэдэн удаа анхааруулах буудлага хийсэн тохиолдол гарчээ.

Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хорооноос энэ тухай мэдээлсэн байна.

Хоёр Солонгосын дундах хатуу чанд хамгаалалттай хил орчмын бүсэд сүүлийн өдрүүдэд хог тээсэн бөмбөлгүүд болон суртал ухуулгын кампанит ажилтай холбоотой сөргөлдөөнт байдал газар аваад байгаа юм.

Ням гарагийн үд хэрд Умард Солонгосын 20 орчим цэрэг дундын цэрэггүй бүс дэх хамгаалалттай зурвасаар хэсэгхэн зуур нэвтэрснээр Өмнөдийн цэргийнхэн анхааруулах буудлагууд хийж, радио холбоогоор сэрэмжлүүлсний дараа даруй буцсан гэж Өмнөдийн цэргийнхэн мэдээлэл хийхдээ ярьсан байна.

Үүнээс хойш ямарваа нэг сэжигтэй үйлдэл болоогүй. Умардынхан цэрэггүй бүс дотроо ямар нэг үүрэг гүйцэтгэж байхдаа “санаандгүй” хил давсан байх гэж Өмнөдийн цэргийнхэн үзэж байгаа юм байна.

Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хороо энэ мэдээллийнхээ үеэр мөн хоёр улсын дундах цэрэггүй бүсэд өвс, бургас маш өтгөн шигүү ургаснаас хилийн тэмдгүүд олж харахад амаргүй байдаг гэдгийг  дурджээ.

Энэ хэрэг явдал сүүлийн үед Умард Солонгосын талаас элдэв хог сэлт зүүсэн асар олон бөмбөлгийг Өмнөдийн хилээр давуулж хөөргөсний хариуд Өмнөд Солонгосын идэвхтнүүд сүүлийн зургаан жилийн туршид анх удаа чанга яригчаар суртал ухуулгын радио нэвтрүүлгээ цацаж эхэлснээс хэдхэн цагийн дараа болсныг хэвлэлүүд дурдсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хоёр Солонгосын хил дээр Өмнөдийн талаас анхааруулах буудлага хийжээ   
Үзсэн: 1114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй