"Ажил хэрэгч Улаанбаатар" ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт боллоо.
Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, НЗД-ын орлогч Л.Хосбаяр болон ЖДҮ эрхлэгч 200 гаруй эмэгтэй оролцсон юм.
Улаанбаатар хотын жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөллөөр дамжуулж, бизнесийн салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдлийн санал, санаачилгыг хэлэлцэв.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэхийн тулд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг баримталж байгаа. Үүндээ экспортын түвшний асуудлын хувьд үйлдвэрийн хүчин чадлын хүрэлцээ, олон улсын чанарын үзүүлэлт зэрэг хүчин зүйлүүд шууд нөлөөлөх тул илүү урт хугацаандаа үе шаттайгаар сайжруулах ажлуудыг хийнэ. Харин бид илүү богино хугацаанд бодит үр дүнг гаргахын тулд нэн түрүүнд импортыг орлож, дотоодын хэрэгцээгээ хангах салбарууд руу чиглэсэн төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллах нь чухал байна. Эдийн засгийн хувьд ЖДҮ салбарыг хөгжүүлэхэд ганц төрийн байгууллага эсвэл хувийн хэвшил нь дан дангаараа хөгжсөн загвар олон улсад байдаггүй. Бид эдийн засгаа төрөлжүүлж, жижиг, дунд бизнесийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Нэг салбарыг нарийвчлан кластер хэлбэрийн жишиг загварыг хөгжүүлж, бусад сүү, мах махан бүтээгдэхүүн, эрчимжсэн МАА-н салбаруудад нэвтрүүлж нийслэлийнхээ хэрэгцээгээ бүрэн хангах боломж бүрдэнэ. Үүнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ялангуяа тухайн салбарын том аж ахуйн нэгжүүдийн оролцоо хамгийн чухал” гэлээ.
ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүдээс татварын асуудал, борлуулалтын цэг, ажиллах хүчний хомсдол, тоног төхөөрөмжийн дэмжлэг, ЖДҮҮ зээлийн нөхцөл шаардлага зэрэг тулгамдаж буй асуудлаа уламжиллаа. Хотын дарга Х.Нямбаатар өөрийн эрх хэмжээний хүрээнд үйлдвэрлэгчдийн асуудлыг шийдвэрлэж, бусад асуудлыг судлан үзэж, шийдвэрлэж өгөхийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт боллоо | ||
Үзсэн: 592 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.