Шууд Chart

Зэрлэг амьтны эмчилгээний чиглэлээр хамтран ажиллана

2024-09-11 12:14:16

Чех улсын Прага хотын амьтны хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, МУИС болон Монголд тахь сэргээн нутагшуулах төсөл хөтөлбөрүүдийн ажлын хэсгийг төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Олон улсад зэрлэг амьтныг эмчлэх, нойрсуулах, тайвшруулах ажлыг тусгай мэргэжлийн эрх бүхий эмч нар хийдэг бөгөөд энэ чиглэлээр үндэсний боловсон хүчнийг сургаж бэлтгэх, шаардлагатай тоног төхөөрөмж, эм бодисыг импортлох хадгалах, хэрэглэх зэрэг асуудлаар ярилцаж санал солилцлоо.

Байгалийн зэрлэг амьтдыг хамгаалах, судлахад эмчлэх эрх бүхий эмч мэргэжилтнүүд зайлшгүй шаардлагатай бөгөөд манай улсад зэрлэг амьтны эмнэлзүйн чиглэлээр боловсон хүчний хомсдол ихээр тулгардаг.

Судлах, эмчлэх, хамгаалах зорилгоор амьтныг барих, байршил тогтоох төхөөрөмж суулгах, зөөвөрлөх, тээвэрлэх, эмчилгээ хийх зэрэг бүхий л арга хэмжээний явцад тухайн амьтны тавлаг байдал, хүмүүнлэг, эрсдэлгүй арга хэрэглэх шаардлагатай байдаг.

Жишээ: Монгол Улсад амьтныг нойрсуулах, тайвшруулахад шаардлагатай, хэрэглэхийг зөвшөөрсөн эмийн жагсаалтад олон тооны эм бүртгэгдээгүй, тэдгээрийг хэрэглэх эрх бүхий дотоодын мэргэжлийн эмч байхгүй нь манай улсад зэрлэг амьтдыг хамгаалах, судлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, судлаачдын хувьд томоохон бэрхшээл болдог байна.

Уулзалтаар зэрлэг амьтдыг унтуулах, тайвшруулах, эмчлэхэд шаардлагатай эм бодисыг Монгол Улсын эмийн жагсаалтад оруулж, импортлох асуудлыг эрх бүхий байгууллагад олгох, зэрлэг амьтны эмч нарыг бэлтгэх чиглэлээр олон талт хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. 


Зэрлэг амьтны эмчилгээний чиглэлээр хамтран ажиллана  
Үзсэн: 312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй