
Халх голын байлдаанд дэслэгч цолтойгоор байлдаж явсан, Өвөр Байгальд үлдсэн сүүлийн ахмад дайчин Елизавета Ивановна Чувашоваг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-гоор шагналаа.
Энэхүү шагналыг олгох тухай хүсэлтийг 2013 оны 10 дугаар сард “Афганистаны Ахмад Дайчдын холбоо”-ны (ОААДХ) дарга О.И.Торский, менежер Виталий Корытников нар Улаанбаатар хотод ирж Халх голын ялалтын 75 жилийн ойн хүрээнд дөрөв дэх удаагаа хийгдэж буй “Дайчин нөхөрлөлийн замаар” Монгол-Орос залуучуудын хамтарсан тойрон аяллыг зохион байгуулах, МЗХ-той хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах үеэр Оросын талаас ярьж байсан юм.
Тэрхүү хүсэлтийг Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсны дагуу энэхүү шагнал эзэндээ очихоор боллоо.
Тэрээр дайны хүнд жилүүдэд сувилагчаар ажиллаж байсан бөгөөд Халх голын дайнд оролцсон Оросын дайчдаас энх тунх үлдсэн цөөн эмэгтэйчүүдийн нэг юм. Одоо тэрээр ОХУ-ын Бурядын Гусиноозерск хотод энх тунх амьдарч байна. Түүний шагналыг Монголын Батлан хамгаалах яамаар дамжуулан Оросын талд хүлээлгэн өгөх аж.
Монгол-Орос залуучуудын “Дайчин нөхөрлөлийн замаар” аялалд оролцож буй залуус энэхүү мэдээг туйлын баяртай хүлээн авсан бөгөөд өнөөдөр хоёр улсын Ерөнхийлөгч аялалд оролцсон залуустай уулзах юм байна.
“Цэргийн гавьяаны одон”-гоор шагналаа | ||
Үзсэн: 1418 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.