Шууд Chart

Боловсролын чанарын ялгааг арилгахад ЮНЕСКО-той хамтран ажиллана

2024-09-17 15:52:42

Боловсролын сайд П.Наранбаяр НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын Боловсролын төсөл хариуцсан мэргэжилтэн Шахидул Ислам тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Монгол Улс болон ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааны гол салбар нь боловсролын салбар бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилго 4 буюу “Чанартай боловсролыг дэмжих” зорилгыг биелүүлэхийн тулд хөдөө орон нутагт сайн боловсролыг хүргэх, соёл, боловсролыг хамтад нь агуулсан онцлог бүхий жишиг сургуулийг байгуулахад хамтран ажиллах саналтай байгаагаагаа Боловсролын төсөл хариуцсан мэргэжилтэн Шахидул Ислам илэрхийллээ. Мөн сүлжээний дэд бүтцийн хүртээмж хангалтгүй нөхцөлд цахим сургалтыг хэрхэн үр дүнтэй болгон чанаржуулах талаар ярилцав.

Өнгөрсөн хугацааны хамтын ажиллагааг үргэлжлүүлээд зогсохгүй улам өргөжүүлнэ гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр хэлж, мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан боловсролын чанарын ялгааг арилгах, алслагдсан орон нутагт сайн сургууль, сайн боловсролыг бий болгох чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэв.

Уулзалтын дүнд орон нутгийн зарим сургуульд мэдээлэл технологийн тусламжтай сургалтын чанарыг сайжруулах, багийн бага сургуулийн чиглэлээр туршилтын төсөл хэрэгжүүлэхээр болов гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 


Боловсролын чанарын ялгааг арилгахад ЮНЕСКО-той хамтран ажиллана  
Үзсэн: 432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй