Шууд Chart

Тарвастай гудам

2024-09-18 13:09:16

Азын дөрвөн бэрх шиг ховорхон, дөрвөн өнгийн улиралтай Монгол эх орон минь.

Хавар, намар хоёрт нь тэнгэрийн наран алсуур тойрч, халуу төөнөн байснаа үе үе сэвэлзсэн зөөлөн салхи илбэж хүмүүний зүрх сэтгэлийн утсыг хөндөнө.

Тийнхүү уярал зүрхний нандин чавхдас дуугарч, алс одсон хэн нэгнийг санан үгүйлэх нь ихдэж, хүн гэдэг амьтан хавар, намар хоёртоо нэг л уярам болчихдог биз ээ.

Алс баруун хязгаарын цасан дуулгат уулс алсаас хөхрөн цэнхэртэнэ. Ийм л намраар тэр уулсын өвөрт жимсний үнэртэй сэвшээ хамар цоргим байдаг. Эргэн тойрон, элгэн хүрэн уулс дасал болсон дүрээрээ сүндэрлэнэ.

Алганы бүлээн хонхор шиг буйдхан тэр хөдөөд минь хөдөлмөрч ард түмэн аж төрөн сууна. Хавартаа газар хагалж, ус шуудуу татаж, мал амьтнаас хамгаалсан тороор хүрээлж амтат тарвас, амтат гуаныхаа үрийг суулгадаг юм. Тэгээд болоогүй ээ ...

Ялаа шумуулын дуун симфони мэт алсаас аялгуулан байна. Ногоочны жижиг гэрийг өргөөд явчихна уу гэмээр тийм их борлож үзэгдэнэ. Адуу мал, хүн амьтан бүгд л уулсын сэрүүн, цэцгийн тойромтой өндөр таг руугаа нүүнэ. Харин ногоочид маань мөрөн дээрээ нэг хүрз, зуны борцоо бэлдэж аваад л нар төөнөсөн халуун талбайдаа үлдэнэ. Мөн ч их хөдөлмөр шүү...

Зэрлэг зулгаана. Адуу малын бараа ч үгүй, аагим халуун зунаар ганц ч ядарлаа гэхгүй мөрөөрөө ногоогоо тарина. Тэр ногоонууд нь хайр, халамж их шаардана. Нэг өдөр уулын горхи татарвал бүгд хатна. Тэнгэр хангайгаа ажиглаж, газрын хөрс түрээд жижигхэн тарвас мөлхөн ургаж эхлэхэд тэд хачин их баярлана. Үндэс салаа, мөчир бүхнийг нь нүд, сэтгэлээрээ ажиглан бүртгэнэ. Бараг зүүдэлнэ. Хүдэр бадирхан мөр, шуун дээрээс нь шумуул суугаад "таалж" байхад тэд барагтай л бол хөдлөхгүй, уцаарлахгүй... сайн дураараа цусаа өгдөг ногоочин ах минь. Шуулттай гэрийн хаяагаар нь салхи сэвэлзэхэд л тэд аз жаргалыг мэдэрнэ. Аз жаргалыг мэдрэх ийм л амархан байгаа биз дээ.

Хүсэн хүлээсэн намрын улирлыг холыг зорих дуучин шувууд ганганалдан зарлана. Энэ үед ногоочдын хаваржин, зунжин хөдөлмөрлөсөн үр шим дэлгэрнэ.

Амтат тарвас услахын хэрээр томорч, салаа, судас бүхнээсээ түрэн ургана. Тарвасны талбайд алхахдаа тэд хуруугаараа зөөлөн няслаж үзээд л болц ханасан байна уу, эсвэл доторх нь ягаан уу, улаан уу, цагаан байна уу гэдгийг шууд л мэднэ дээ. Холын зочин айлчлахад талбай дундаасаа хамгийн томыг шилж сонгон задална. Тарвас зүсэхэд учир их бий... Эхлээд иштэй хэсгийг дээш харуулж байгаад жижиг дугуй хэлбэртэй зүсэж авна. Тэгээд дараа нь зүссэн хэсгээс жижиг гурвалжин хэсгийг авч сэтэлнэ. Энэ нь ногоочдын уламжилж ирсэн үйлдэл гэх үү дээ. Хар Манжид дагаар орохгүй гэж 300 жил тэмцсэн гашуун түүхтэй ард түмэн тэд.... Ногоочид Манжтай тэмцэж ирснийг үр хойчдоо мартуулахгүйн тулд ийнхүү тарвасаа зүсдэг юм.

Малчин ардууд уулын сэрүүн тагаас уруудаж ирнэ. Тэд нөгөө амтат тарвасын талбайтай ойрхон бууцгаана. Хонь хариулж яваа хүүхдүүдийн амны цангаа, арааны шүлсийг ногоочид маань тайлж, амтат тарвасаа зүсэж өгнө. Малчид маань ганц нэг шүдлэн, төлөг авч ирэн шуудай тарвасаар солино. Хэн хэнийхээ ариун цагаан хөдөлмөрийг тийнхүү үнэлж, уулын буйдхан сууриндаа аж төрмүй...

Морин тэрэг, жижиг оврын ачааны тэрэг хөллөсөн ногоочид маань суурин газар болох сумын төвөө бараадаж ирнэ. Тэдний гар эвэршиж, нуруу нь жаахан бөгтийж, нүүр, бие нь улаан хүрэнтэж харагдана. Харин нүднийх нь гал хэзээ ч бөхөхгүй ээ. Аргагүй шүү дээ. Амьдралын төлөө үнэн цагаанаар зүтгэж яваа хүмүүс. Зундаа нүүж, аглаг өвсөөр дүүрсэн сумын төв маань хөл хөдөлгөөнд орж, хадлан тарианы хүчит орос тэргийн дуу уул, хаданд цуурайтна. Сургуулийн хүүхдийн инээд шуугиан мөн л цуурайлж, шинэ ногооны үнэр хаа сайгүй үнэртэнэ. Гудамж, талбай маань ийнхүү амь орж, инээд шуугианаар дүүрнэ.

Нутаг усныхан мэнд хэлэлцэх нь хөгжимлөг агаад бүрэн дүүрэн, нутгийн хөгшидтэй бүтэн мэндлээд суухад сэтгэл дотор нэг л зүйл бүтэн болоод ирнэ. Мөнөөх ногоочид сумын төвийн цуваа улиасны сүүдэрт тарвасаа дэлгэж сууна. Хол аяны унаа тарвас ачиж, алс тийш тоос татуулан одно. Налгар урт намрын ажил дуусахгүй ээ. Бухал өвсний сүүдэрт, халуу төөнөсөн тэнгэрийн дор хүйтэн тарвас хагалан амтлах мөн ч сайхан сан. Эмээлийн бүүрэг дээр тэхий дундуур нь хуваан хагалсан тарвасны үр газарт унаад дараа жил нь ургаж төлжиж байдаг тийм сайхан үржил шимтэй нутаг шүү дээ. Хүн хөдөлмөрлөхийн хэрээр муу явахын эрхгүй байх юм.

Ногоочид маань хэний ч гарыг харсангүй ээ. Тэдэнд нэг л хүрз байхад амьдарч чадна. Үр хүүхдээ сургуульд явуулна. Оройдоо цуглаж суугаад дүнсэн тамхиа ороож, сүүтэй цайгаа тавиад, тарвасаа том том зүсээд ертөнцийн бүхий л сэдвийн дор хүүрнэн сууна. Тэд бухимдахдаа бухимдаж, инээхдээ инээж хэрсүүхэн аж төрсөөр л байгаа.

Амтат тарвасаа хагалж, зүсэж хүртчихээд зүгээр хүртээд өнгөрчихгүй ээ. Аль сайн үрийг нь ялган хатааж, дараа дараагийн, түүний дараа жилийн тарвасны үрээ бэлтгэн хатаана. Зарим жил талбайдаа тариалан хийлгүй өнжиж, хөрс шороогоо амраана.

Байгаль хангайгаа шүтэн дээдэлж, зөв зүйтэй харьцаж, тэнгэрийн аясыг дагаж, бас дагуулж амьдарна тэд. Тэднийг тэнгэр нь сонсдог юм аа. Болц нь ханаагүй, доторх нь цагаан тарвас нь ч амттай гэж яана... Тийм тарвасыг хадсан өвсөн дунд хоёр хонуулаад л час улаан болчихно.

Эдүгээ Улаанбаатар хотын зах хаяа, баруун, зүүн хоёрт тарвасаа зарж байна тэд... Мөн их хөдөлмөр шүү. Бусад хотуудад үндэсний үйлдвэрлэл, ард иргэдийнхээ амьжиргааг дэмжиж, төв гудамж, талбайдаа жимс,  ногоогоо зарна. Харин манайд бол тэр хэдийгээ хөөж туугаад барахгүй бүр торгоно. Хотын зах руугаа хөөж гаргана. Амьдралын эрхээр тэд маань амтат тарвасаа өдөр, шөнөгүй манаж, жигнэж, сууна. Ачна, буулгана, бүхий л хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ шингээнэ. Бас дээрээс нь элдэв хэл ам гарна. Ногоочид маань сэтгэлээр унаж гоншигнохгүй ээ. Ажлын амтыг мэдэхгүй нэг нөхөр ирж, тарвасныхаа үнийг буулга гэнэ. Бас нэг хүн ирээд “Энэ яг жинхэнэ тарвас мөн үү” гэх мэт хоржоонтой бас зүрх өвтгөм асуултаар булна.

Манай сумын гудманд тарвасаар дүүрсэн намар ирдэг. Улаанбаатарт ч мөн тийм намар ирээсэй билээ. Амт бол хүнд хамгийн гоё дурсамж үлдээдэг. Хайртай хүнтэйгээ, өвөөтэйгөө хувааж идсэн тарвас хэчнээн амттай...

Насан туршдаа мартахгүй, оюун тархиндаа хадгалж явдаг билээ. Өвлийн хүйтнээр ч бодоход хамрын үзүүрт тарвасны үнэр сэнгэнээд л ирдэг дээ. Жинхэнэ амтыг нь мэдэрмээр байвал та тарвасны талбайд нэг очоорой.

Ногоочны жижигхэн отрын гэрт хонож, тооноор нь уулсын салхинд туугдсан оддын нүүдлийг нэг ажаарай.

Эгэл боргилхон хэрнээ цагаан сэтгэлтэй хүний аялдаг дууг дагаж нэг дуулаарай. Амьдралын амт тийм гэвэл зохино.

МЗЭ-ийн шагналт, "Болор цом"-ын эзэн Батдоржийн Жамбалдорж

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Тарвастай гудам  
Үзсэн: 824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй