Шууд Chart

Дөч дэх жилдээ "дөрөө жийж" явна

2024-09-27 09:27:53

Он жилүүдийн уртад би олон ааш араншинтай найруулагчтай ажиллажээ. Хатуу нь бий, зөөлөн нь ч бий, онгироо нь ч бий, орилоо нь ч бий, ярьдаг нь ч бий, ярдаг нь ч бий, дагадаг нь ч бий, дагуулдаг нь ч бий. Гэхдээ тэд бүгд МҮОНТ-ийн дуусашгүй их ажлын төлөө явсан сан.

Сүүлийн он жилүүдэд найруулагч Доржхандын Дуламсүрэн гэгч олон таван үггүй, хэлсэн, хийсэндээ эзэн болж чаддаг найруулагч бүсгүйтэй аян замын уртад дөрөө харшуулж, хөрөг болон хөдөөгийн олон нэвтрүүлгүүдийг үзэгч олонд хүргэжээ. Налайтал сууж байгаад, намбайтал хийж чаддаг, түшигтэй, туршлагатай, дуу зөөлөнтэй, гүйцэтгэл өндөртэй МҮОНТ-ийн найруулагч бол Доржхандын Дуламсүрэн юм.

Тэр Телевизийн гэрэлт цамхагийн зүг рүү 40 дэх жилдээ "дөрөө жийж" явна.

-За юуны өмнө Монголд Телевизийн урлаг үүсэж хөгжсөний 57 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Баярлалаа, танд ч гэсэн. Он цаг ямар хурдан юм бэ, гайхалтай. Намайг хүүхэд байхад манайх Телевизийн баруун талын жалганы цаахан талд байдаг байлаа. Аав Маньбазар маань Телевизийн харуулын албанд олон жил ажилласан цагдаа хүн. Дэлгэцээр танил болсон ах, эгч нарыг өдөр бүхэн хардаг азтай "пацаан" би байсан юм. 46-р сургуульд найм, 28 -р сургуульд аравдугаар анги төгсөж, Үндэсний телевизэд ажилд орж, хожмоо РТДС-ийг найруулагчийн мэргэжлээр төгссөн ёстой Гандангийн дэнжийн унаган хүүхэд билээ би. Баяр болгоноор Телевизийн цамхагийн гэрэл тооноор орж ирж гийгүүлээд, ээж маань тэр цамхагийн зүг сүү өргөж зогсдог сон. Зураг мэт тодхон, сэтгэл зүрхэнд ойрхон байна.

-40 жил ганцхан зүгт алхана гэдэг... 

-Телевизийн ажил гэдэг өдөр болгон шинэ, содон сонин, бас сайхан хамт олон хүлээж байдаг болохоор өглөө болгон тэмүүлээстэй.

Би чинь анх Телевизэд "Цаг бүртгэгч" хэмээх асар хариуцлагатай албанд томилогдсон хүн. Зүүн талын хаалгаар бүх ажилтан орж ирнэ. Тасалсан, хожимдсоныг яс бүртгээд, заримынх нь цалингаас хасуулж, даргад загнуулж явсан. Тэр үеийнхэн чинь шөнийн 24 цаг хүртэл ажиллана. Тийм урт цагаар ажилласан хүмүүсийн орсон гарсныг тооцож, муйхар шаардлага тавьж явсан нүгэлтэй хүн дээ би.

-Ц .Отгончимэг, Ш.Оюунчимэг, Ц.Лхагвадаш, Б.Эрдэнэсүрэн гээд нэгэн үеийн "Алтан туслахууд" биз?

-Тийм шүү, одоо их цөөхөн үлдэж. Тэр үеийн “Туслахууд” чинь алхдаггүй, шогшдог байсан юм. Тэр хүнийг дууд, энэ хальсыг хаягла, тэр замаар өгс, тэдэн цагт ир гээд ер зүгээр суулгахгүй. Найруулагчийн харцаар хөдөлж, алхааг гүйцнэ гэдэг үнэхээр хэцүү ажил байлаа. Үе үе найруулагчид маань хэдэн туслахаа бондойтол жагсааж байгаад ур чадварын шалгалт авна, бас мэргэжлийн хичээл заана. Ингэж л бидний үеийнхэн П.Туваанжав, Х.Нарангэрэл, Д.Содном, Л.Дагвадорж нарын том найруулагчдын хатуухан гараар орж "Телевизийн хүн" болсон доо. Эрхэм хүндэтгэл хүлээж, итгэл даасан туслахаа "Алтан туслах" гэж тэд өргөмжлөн дуудна. Харин "Туслахуудын багш" гэж би Шагдарын Оюунчимэгийгээ хүндэлдэг байсан түүхтэй.

-Алдарт найруулагч Бадар-Ууганы шавь гэл үү?

-Бадар-Ууган багшийгаа Суртлын редакцийн ерөнхий найруулагч байхад нь туслах найруулагчаар нь, дараа нь багшийнхаа зоригжуулснаар РТДС-ийн Найруулагчийн ангид орж суралцан, гарынх нь шавь болсон. Уран бүтээлд хоёргүй сэтгэлээр хандах туйлын эрхэм чанарыг шавь нартаа харамгүй өгсөн гавьяатан бол Бадар-Ууган багш маань билээ. Тэр хүнээр Монголын урлаг, соёлын салбар дутаж явна даа.

-Нэг хэсэг та чинь "Аяллын цаг"-ийн Дууяа нэртэй явсан даа?

-Сэтгүүлч Г.Бадамсамбуугийн "Гараг" продакшнд ажиллаж, бүхий л нэвтрүүлгийн зурганд нь хамт аялсан, харсан, үзсэн мэт эвлүүлгийг нь хийж, эфирт тушааж явжээ. Бас сэтгүүлч Г.Бадамсамбуу, Д.Урнаа, Д.Одбилэг нартай "Аяллын цаг", "Гайхамшигт ертөнц" нэвтрүүлгийн нийт 400 дугаарыг бэлтгэсэн байна. Харин "National Geographic“-гийн 100 гаруй баримтат кинонд Орчуулгын найруулагчаар ажилласан байх юм.

"Аяллын цаг"-аар Хятадын чулуун ой, Хайнань арал, Арабын сөнөсөн тэнгисээр аялчихаад, "Гайхамшигт ертөнц"-өөр арслан заан, алаг шоргоолжтой "ярилцдаг" байлаа.

Д.Дуламсүрэн найруулагч сүүлийн он жилүүдэд МҮОНТ-ийн Нийгмийн редакцад "Төл таван-Эрдэнэ", "Эргэх дөрвөн цаг", "Би Монгол хүн" хөрөг цувралуудад ажилласан. Тэр зураач Гоошийн тухай "Бийрийн татлага", Улаан загалмайн Самдандовжийн тухай "Сурагтай эр хүн", яруу найрагч Данзангийн Нямаагийн тухай "Амьдрал аа, би чамд хайртай", "Хүнсний Гомбо"-ын тухай, алдарт Лодойхүү баатрын тухай "Өндөр Алтайн их хүмүүн" дурсамж нэвтрүүлэг гээд түүний хийсэн бүхнийг тоочиж яахан барах билээ...

Бид хоёрын Цагаан сарын баярт зориулсан "Ганган эрээн даалин" гээд ганган нийтлэл санаанд бууж байна. "Эргэх дөрвөн цаг", "Төл таван-Эрдэнэ" нэвтрүүлгийн хичнээн ч дугаарт найруулагч Д.Дуламсүрэн ажилласныг тоолоод баршгүй.

Нийгмийн редакцын цаг үеийн болон ярилцлага, улс орныг хамарсан томоохон шууд нэвтрүүлэгт Дууяа найруулагч сууж л байна. Эвлүүлэгтэй бүх нэвтрүүлгүүд дээр өөрөө л сууна. Техник технологийн эрин зуунаас тэр хоцорно гэж үгүй.

Шаргуу, шамдуу ажил хөдөлмөртөө тууштай, хийсэндээ эзэн болдог зан чанарыг Телевизийн дээд үеийнхнээсээ авсандаа Дуламсүрэн найруулагч баярлаж явдаг. МҮОНТ-д Цаг бүртгэгчээс Найруулагч болтлоо 40 жил хар бор, хамаг ажлыг үүрэлцсэн түүнийг өнгөрсөн жил "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдэгээр шагнаж байна гэж дуулдана билээ...

Уран бүтээлийн ертөнцөд амь бие, ажил, амьдралаа бүтнээр нь зориулдаг "Телевизийн найруулагч"-ийн мэргэжил эмэгтэй хүнд ахадсан ачаа, амаргүй алба юм шүү.

Сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Дөч дэх жилдээ "дөрөө жийж" явна  
Үзсэн: 1807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй