Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Өвөрхангай аймагт ажиллаж, хавар, зуны хүчтэй салхи шуурга, үер ус, гал түймрийн гамшигт цөөнгүй айл өрх өртсөн Богд, Бүрд, Хархорин, Нарийнтээл, Баруунбаян-Улаан сумдын малчин өрхүүдэд УОК-оос гэр олгохоор шийдвэрлэлээ.
Мөн гамшгийн хор уршгийг арилгахад зориулж аймгийн Онцгой комисст 100 сая төгрөг, аймгийн Онцгой байдлын газарт туулах чадвар сайтай автомашин, Онцгой комисст орчин үеийн хүчин чадал бүхий ус соруулах помп олгохоор болов.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” болгон хөгжүүлэхээр төлөвлөснийг Шадар сайд онцлоод, “Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хор хөнөөл цаашид ч дэлхий нийтээр өсөн нэмэгдэх судалгаа тооцоолол гарсан. Иймд хөдөө аж ахуйн салбар хамтарч нэгдэж байж гамшгийн эрсдэлийг сөрөн тэсвэрлэх чадавхаа сайжруулах асуудал нэн чухал учраас Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байгаа. 2024-2028 онд нийт 5 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг малчдад олгохоор төлөвлөсөн. Цаашид Ногоон санхүүжилтийн эх үүсвэрүүдийг татах чиглэлд анхаарч, зээл авсан хоршоологчдын зээлийн зарцуулалт, хоршооны үйл ажиллагааны үр дүн, хэрэгжилтийн хяналтыг сайжруулж, Зээлийн батлан даалтын санд үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс батлан даалтуудыг хувийн даатгалын компаниар даатгуулж, тус зардлыг улсын төсөвт суулгахаар зорьж байна” гэлээ.
Зарим сумдад гантай байсан тул өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учраас аймгийн Онцгой комиссоос өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж, Засгийн газрын тогтоол, УОК-ын албан даалгаврыг биелүүлэн ажиллаж байгааг онцоллоо.
Өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж байна | ||
Үзсэн: 483 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.