Шууд Chart

Эгийн голын УЦС барихтай холбогдуулан хийгдэх байгаль орчны үнэлгээний хамтарсан ажлын хэсэг ажлаа эхлүүллээ

2024-10-10 17:12:15

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловын урилгаар Москва хотноо ажиллаж байна.

Сайд С.Одонтуяа тус улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Г.Я.Красников болон Экологи, Байгалийн нөөцийн сайд А.А.Козлов тэргүүтэй төр, шинжлэх ухааны төлөөлөлтэй энэ сарын 9-ний өдөр уулзалт хийж, гацсан асуудлуудаар шийдэлд хүрч чадлаа.

Байгаль нуур нь дэлхийн нийт цэнгэг усны нөөцийн 20 хувийг бүрдүүлдэг бол түүнд цутгаж буй нийт усны 50 хувийг Сэлэнгэ мөрөн бүрдүүлдэг учир усны нөөцийн менежмент, ашиглалт зөвхөн хоёр улсын асуудал биш тул хамтарч шийдэх шаардлагатай болдог.

Иймээс Эгийн гол дээр барихаар төлөвлөж буй Эгийн голын УЦС-ын төслийн Байгаль нуурт үзүүлэх нөлөөлөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хоёр улсын ШУА-ийн эрдэмтэн судлаачид хамтран хэрэгжүүлэхээр судалгааны ажлыг даруй эхлүүлэхээр тохиролцож, ажиллах журам, ажлын төлөвлөгөө, хариуцах эзэн, цаг хугацааг нарийвчлан тогтоохоор тохиролцов.

Судалгааны ажлуудыг хоёр улсын ШУА хамтран хэрэгжүүлэх нь хилийн усны асуудлаар шинжлэх ухааны шийдлийг ашиглаж буй бодит жишээ болно гэж үзээд байгаль орчны аливаа асуудлыг уур амьсгалын өөрчлөлтийн үйл явц, нөлөөлөлтэй уялдуулан шийдвэрлэхийн чухлыг талууд санал нэгтэйгээр тэмдэглэв.

Монгол, Оросын төр болон эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтарсан уулзалтууд үргэлжилж буй бөгөөд нарийвчилсан төлөвлөгөө гарган батлахаар ажиллаж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  


Эгийн голын УЦС барихтай холбогдуулан хийгдэх байгаль орчны үнэлгээний хамтарсан ажлын хэсэг ажлаа эхлүүллээ  
Үзсэн: 1086 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй