Шууд Chart

Энхийг сахиулагчдын оролцоог 3 дахин нэмэгдүүлнэ

2024-10-14 13:49:35

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 14 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Монгол цэргийн оройн дээд сүлд Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээг нээж Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ, Өнөөгийн байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах 7 ажиллагаанд нийт 900 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Энэ үзүүлэлтээрээ Энхийг сахиулах үйлсэд цэрэг хандивлагч дэлхийн 120 улсаас 8 дугаарт, Эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоогоор 16 дугаарт, Зүүн хойд Азийн улс орнуудаас 1 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа нь Бид бүхний нэг томоохон бахархал юм.

Өнгөрсөн 22 жилийн хугацаанд Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 22 мянга гаруй алба хаагчдын нөр их хөдөлмөр, зүтгэлийн үр ачаар “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” гэсэн нэрийн хуудсыг бий болгож чадсан болохыг тэмдэглээд, цаашид батлан хамгаалах салбарт “Хүртээмжтэй төсөв-Тогтвортой өсөлт” бодлогыг хэрэгжүүлж, энэ хүрээнд энхийг сахиулагчдын оролцоог 3 дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлээд байгааг онцлов.

Ийнхүү Монгол Улсаа төлөөлөх энхийг сахиулах ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүн үүргээ биелүүлэхээр алс холын Африк тивийн зүг хүлгийн жолоо залахад бэлэн боллоо.


Энхийг сахиулагчдын оролцоог 3 дахин нэмэгдүүлнэ  
Үзсэн: 573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй