Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлагын Манила дахь оффисын тэргүүн Райн Уошберн тэргүүтэй албаны хүмүүсийг 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Райн Уошберн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас Монгол Улсад “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалын хүрээнд шинээр хэрэгжүүлэхээр зэхэж байгаа төслийн талаар танилцуулж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Сайд Т.Мөнхсайхан Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсанаас хойш Монгол Улсыг зорьж хүрэлцэн ирж эрүүл мэндийн салбар дахь нөхцөл байдалтай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох зорилготой уулзалтыг хийж байгаад талархаж, КОВИД-19 цартахлын үед АНУ-ын Засгийн газрын зүгээс Монгол Улсын эрүүл мэндийн салбарын дэд бүтцийг бэхжүүлэх, хариу арга хэмжээний хүчин чадавхыг сайжруулах чиглэлээр ихээхэн хөрөнгө оруулалт оруулсныг онцлон тэмдэглэж, тэдгээр хөрөнгө оруулалт, дэмжлэг нь цартахлыг харьцангуй хохирол багатай даван туулахад чухал ач холбогдолтой байсан хэмээгээд эрүүл мэндийн салбарын нэрийн өмнөөс болон Монгол Улсын Засгийн гарын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Тэрбээр цаашид эрүүл мэндийн салбарт АНУ-ын Олон улсын хөгжийн агентлагтай хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, зарим тодорхой асуудлаар санал солилцлоо.
Райн Уошберн цар тахлын үеийн хамтын ажиллагаанд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хичээл зүтгэл, нягт хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо чухал ач холбогдолтой байсныг тэмдэглээд цаашид “Нэг эрүүл мэнд” төдийгүй бусад чиглэлээр хамтран ажиллагааг өргөжүүлэх бололцоог өөрсдийн зүгээс эрэлхийлж ажиллах болно гэлээ.
"Нэг эрүүл мэнд" үзэл баримтлалын хүрээнд АНУ-тай хамтран ажиллана | ||
Үзсэн: 301 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.