Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн одон бөгөөд анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ. Энэхүү одонг 2005 оноос эхлэн Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар анх тогтоосон байна.
Харин 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсноор тогтоолд өөрчлөлт оруулж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн-“Монгол бахархлын өдөр”-өөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгаж, өдгөө энэхүү дэг жаягийг баримталж байгаа юм.
Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэгсэд:
Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл нийт 16 иргэн болон байгуулагыг шагнасан. Үүнд:
- 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
- 2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав
- 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
- 2010 онд төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж
- 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
- 2012 онд УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл
- 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном
- 2014 онд нэрт эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай
- 2015 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо
- 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар
- 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр
- 2019 онд The Hu хамтлаг
- 2021 онд сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа
- 2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин
- 2022 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов, АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд
- 2023 онд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээжээ
Монгол төрийн бахархал-Чингис хаан одон | ||
Үзсэн: 492 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.