Шууд Chart

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2024-11-29 10:50:21

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Дэлгэрсайхан сайд Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн яам БНЭУ-ын үеийн үеийн Элчин сайд нартай хамтран ажиллаж ирсэн бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд түүхэнд бичигдэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд тусалж дэмжсээр ирсэнд талархал илэрхийллээ. Мөн дэлхийд хүн ам, эдийн засгийн үзүүлэлтээр дээгүүрт жагсдаг БНЭУ манай улсад уул уурхай, цахим харилцаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэнд баяртай байна гэв.

Цаашид хоёр орны найрсаг харилцааг бататган бэхжүүлэх, ялангуяа зам тээврийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд боломж нээлттэй байгааг тодотгоод, Монгол, Энэтхэгийн хооронд коксжсон нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох, нүүрсний туршилтын тээвэрлэлт хийх асуудлыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллах талаар санал солилцлоо.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНЭУ-д салбарын яам болон төмөр зам, агаарын тээвэр, авто замын салбарын алба хаагч залуусаа Англи хэл, IT технологи болон мэргэжлийн дагуух мэргэшүүлэх, чадавхжуулах богино хугацааны сургалтад хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Атул Малхари Готсурвегийн зүгээс Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхныг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах болно гэлээ.

Мөн 2025 онд Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохионо. Ойг тэмдэглэх ажлын хүрээнд Монгол Энэтхэг хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох талаар санал солилцож, агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх тухай ярилцлаа. Тухайлбал, Монгол, Энэтхэгийн хооронд ирэх, аялах иргэд олон бий.

Энэтхэг улсаас газрын тос, мэдээлэл технологи зэрэг салбарт ажиллах мэргэжилтнүүд олноор ирж байгаа бол Монголоос Энэтхэг улс руу эрүүл мэндийн үйлчилгээ авах, шашин соёлын арга хэмжээнд оролцох, аялах зорилгоор хүмүүс их ирдэг. Хоёр улсын хооронд шууд нислэгтэй болвол иргэд харилцан зорчих, аялал жуулчлал хөгжих, олон чиглэлд шууд харилцах боломж бүрдэнэ гэв гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

 


Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 501 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй