“Хэвлэл мэдээллийн эрх чөлөө ардчиллын тулгуур болох нь” хэлэлцүүлэг өчигдөр болсон.
Энэхүү хэлэлцүүлэгт ХЗДХЯ, "Глоб интернэшнл төв", Хэвлэлийн хүрээлэн болон хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцож, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга болон бусад асуудлаар байр суурийг илэрхийлсэн юм.
Мөн хэд хэдэн итгэл тавилаа. Тодруулбал, Хэвлэлийн хүрээлэнгийн захирал, доктор М.Мөнхмандах “Хараат бус олон ургалч хэвлэл мэдээллийг дэмжих зохицуулалт”, "Глоб интернэшнл төв"-ийн хуульч Л.Галбаатар “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө ба эрх зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл тавьсан юм.
"Глоб интернэшнл төв"-ийн хуульч Л.Галбаатар “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл дээр гурван удаа хэлэлцүүлэг хийсэн. Хэвлэлийн эрх чөлөөний индиксийн тайлан дээр Монгол Улс асуудалтай ангилалд орж байгаа. Хамгийн сүүлд энэ оны тавдугаар сард “муу” ангилал руу орсон. Одоо хэлэлцэгдэж байгаа хуулийн хүрээнд олон асуудал хөндөгдөж байгаа. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг цогц асуудал. Хэвлэл мэдээллийн байгууллага улс төрийн нам, Засгийн газраас хамааралтай. Хараат бус байдлаар үйл ажиллагаа явуулах боломж хязгаарлагдмал байдаг. Мөн сэтгүүлчдийн цалин хөлс бага. Эрхзүйн асуудлын хүрээнд олон зүйл яригдаж байгаа. Сэтгүүлчидтэй холбоотой асуудал ч цөөнгүй байгаа. Сэтгүүлчдийн эсрэг гомдлыг улс төрчид болон төрийн өндөр албан тушаалтай хүмүүс маш их гаргадаг. Сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой дарамт шахалт, занахийлэлтэд их өртдөг. Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, багаж хэрэгсэлд халдсан тохиолдол их болсон. Мөн сэтгүүлчид бичсэн нийтлэлийнхээ дагуу цагдаад дуудагдах тохиолдол ихссэн учраас мэргэжлээрээ ажиллах сонирхол буурсан. Бодит байдал дээр сэтгүүлчийг хамгаалах хуулийн заалт маш муу. Иймээс шинээр хэлэлцэж байгаа хуульд сайн анхааралтай хандах хэрэгтэй. Мөн бусад дагалдах хуулийг ч цогцоор сайжруулах шаардлага байгаа” гэлээ.
Чанартай мэдээ, мэдээлэл “сүүдэрт” үлддэг
Хэвлэлийн хүрээлэнгийн захирал, доктор М.Мөнхмандах “Хэвлэл мэдээллийн хараат бус байдал, хэвлэлийн эрх чөлөө давхардаж яригддаг. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь зөвхөн хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн эрх биш иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний өргөн хүрээний асуудал. Сүүлийн жилүүдэд ийм байдалтай болсон. Хэвлэлийн хараат бус байдал нь хэвлэлийн эрх чөлөөний цөм нь буюу сэтгүүлзүй хийж байгаа хүмүүсийн мэргэжлийн үйл ажиллагаагаар хэн нэгний хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр хэрэгжүүлэх бие даасан байдлыг хэлдэг. Хараат бус байдал олон ургалч үзлийг дэмжиж байдаг. Редакцын хараат бус байдал гэж онцолж байгаа нь хэвлэл мэдээлэл өөрөө нийлмэл өргөн хүрээний контентыг олон нийтэд хүргэдэг. Сэтгүүл зүйн контент бэлтгэдэг редакцын хувьд төрийн байгууллагатай хамтарч ажиллах гэрээ байгуулах, хамтран ажиллах харилцаа үүсгэх нь сэтгүүл зүйн хэм хэмжээтэй зөрчилдөхөөс өөр аргагүй байдалд хүрдэг. Эдийн засгийн дарамт хэвлэл мэдээллийн хараат бус байдалд нөлөөлдөг. Зар сурталчилгааны орлогоос хэвлэл мэдээллийн байгууллагууд шууд хамаардаг. Сурталчилгааны орлого өгдөг байгууллагуудаас хамааралтай болдог. Шүүмжилж чадахаа больдог. Энэ нь эргээд тухай редакцын хараат бус байдалд нөлөөлдөг. Хэвлэл мэдээллийн байгууллагын хамгийн чухал зүйл хэвлэлийн эрх чөлөө болон хууль эрх зүйн орчин юм. Өнөөдөр хамтын ажиллагааны гэрээ хэвийн зүйл гэдэг соёл бий болж байгаа. Энэ хаалтын гэрээ биш хамтран ажиллах гэрээ гэдэг нь хэвийн хэм хэмжээ болох ёстой. Иймээс бид хэм хэмжээг дээдлэх нь чухал. Технологи хэвлэл мэдээллийн хараат бус байдалд нөлөөлж байна. Олны анхаарлыг татсан мэдээлэл хурдан тардаг. Харин чанартай мэдээ мэдээлэл “сүүдэрт” үлддэг. Манайд салбарын тусгайлсан хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа зохицуулж байгаа гол гурван хууль нь 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Олон нийтийн радио телевизийн тухай хууль юм. 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль хэвлэлийн хараат бус байдлыг хангах гол зохицуулалтыг хийсэн” гэв.
Н.Алтанцэцэг
Л.Галбаатар: Сэтгүүлчийг хамгаалах хуулийн заалт маш муу | ||
Үзсэн: 431 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.