Шууд Chart

Торгуулиа төлөөгүй, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг маргаашаас хөдөлгөөнд оролцуулахгүй

2024-11-30 14:49:25

Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038  тээврийн хэрэгсэл байна. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.

Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах ажлын хүрээнд маргаашаас буюу 12 дугаар сарын 1-ний өдрөөс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана.

Тодруулбал, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн

  • 3.7 зүйлд Жолоочид дараах зүйлийг хориглоно: Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох;
  • 27.2.Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлага хангаагүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, эсвэл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй, мөн энэ дүрмийн 3-р хавсралтад заасан шаардлагын дагуу зохих таних тэмдгийг байрлуулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэж заасан байдаг.

Түүнчлэн, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355.300 тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарчээ. Энэ нийт тээврийн хэрэгслийн 40 гаруй хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь торгуулиа төлөөгүй гэсэн үг.

Оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол түгжрэлийн урт 97.3 км хүрсэн. 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам хоёр сая хүртэх тооцоолол гараад буй. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд таван км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүсээд байгаа юм.


Торгуулиа төлөөгүй, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг маргаашаас хөдөлгөөнд оролцуулахгүй  
Үзсэн: 687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй