Шууд Chart

Олон улсын чанарын шаардлага хангасан эмийг нэг эх үүсвэрээс худалдан авч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүллээ

2024-12-16 11:07:31

Монгол Улсын Засгийн газраас эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, иргэдийн эмэнд зарцуулах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор хувийн хэвшлийн байгууллагатай хамтран олон улсын чанарын шаардлага хангасан, зонхилон тохиолддог өвчний оношилгоо, эмчилгээнд хэрэглэгддэг зарим нэр төрлийн эмийг Эрүүл мэндийн яам гадаад улсын үйлдвэрлэгчтэй үнийн хэлцэл хийж, импортлох ажлыг эхлүүлээд байна.

Эхний ээлжинд Бүгд Найрамдах Солонгос Улсын Донгкоо Био & Фарма үйлдвэрлэгчийн дараах 5 нэр төрлийн эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгох нөхцөлөөр 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн “Ази фарма” ХХК-иар дамжуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хөнгөлөлттэй эм олгох гэрээтэй эмийн сангуудаар худалдаалагдаж эхэллээ.

Үүнд:

1. Дапаглифлозин 10мг (Дапапрозин)

2. Итраконазол 100мг (Спонекс)

3. Амлодипин+Валсартан 5мг/160мг (Авалтан)

4. Амлодипин+Валсартан 10мг/160мг (Авалтан)

5. Клопидогрел 75мг (Клопина) болно.

Олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авснаар эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, иргэд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахад үүсэх санхүүгийн дарамтыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээллээ. 


Олон улсын чанарын шаардлага хангасан эмийг нэг эх үүсвэрээс худалдан авч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүллээ  
Үзсэн: 609 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй