Шууд Chart

ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа

2024-12-22 10:00:31

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй 26 төрлийн өвчлөлийг эх орондоо оношилж, эмчилж нутагшуулах бодлогын хүрээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачлагаар өнгөрсөн аравдугаар сард БНСУ-ыг зорьсон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нурууны мэс заслын эмч нар эхний сургалтаа дуусгаад түр хугацаагаар эх орондоо ирсэн.

Тус багт ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийн их эмч М.Цэлмэг, Б.Тайванбат, А.Бадмаараг нар багтсан бөгөөд БНСУ-ын “Soonchunhyang” их сургуулийн “Bucheon” эмнэлэг болон “Korea” их сургуулийн “Ansan” эмнэлэгт нурууны мэс засал, нурууны төрөлхийн болон хүнд хэлбэрийн муруйлт, гажиг согогийн мэс засал, нурууны нугаламыг солих мэс заслын чиглэлээр нэг жилийн хугацаанд Мэдрэлийн мэс заслын эмч, профессор Им Су Биний удирдлаган дор суралцаж байгаа аж.

Энэхүү сургалтын хүрээнд БНСУ-ын “Soonchunhyang” их сургуулийн “Bucheon” эмнэлгийн сургагч багш Им Су Бин ГССҮТ-д зочилж, байгууллагын үйл ажиллагаатай танилцахын сацуу нурууны мэс засал эмчилгээний дэвшилтэт аргуудын талаар эмч мэргэжилтнүүдэд сургалт хийжээ.

Түүнчлэн суралцагч эмч нарын хамт бүсэлхийн нугаламын дегенератив муруйлт, хүзүүний олон түвшингийн нугасны сувгийн нарийсал, мэдрэлийн ёзоор дарагдсан үйлчлүүлэгчид мэс засал эмчилгээ хийсэн байна.

Үндэсний багийг чадавхжуулах сургалтад хамрагдаж буй эмч нарын хувьд, цаашид нурууны мэс заслын оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга технологийг эх орондоо нутагшуулахаар зорьж байгаа аж.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа  
Үзсэн: 772 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй