
Унадаг дугуйчин Ч.Мөнгөндалай 2014 оны зургаадугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотоос гарч Монгол Улсын баруун аймгуудаар 5500 км тойрон аялахаар аян замдаа гарсан билээ. Түүний аялал 98 дахь хоногтоо үргэлжилж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэрээр аяллынхаа сүүлийн 1000 дахь км-т оржээ. Аялагч маань одоогоор Хөвсгөл аймгийн нутагт Мөрөн суманд ирээд байна. Тэнд хоёр хоног буудаллаад Ханх сум руу аяллаа үргэлжлүүлж, Хөвсгөл далайд усан завьтай аялал хийхээр төлөвлөж байгаа аж.
Түүнийг Хөвсгөл аймгийн залуучуудын холбооны дарга Б.Мөнгөн-Эрдэнэ, тэргүүлэгч гишүүд, Засаг даргын Тамгын газрын холбогдох удирдлагууд угтан авсан байна. Манай монголчууд хэзээнээсээ л найрсаг зочломтгой зангаараа дэлхийд гайхагддаг. Үүний баталгаа болж Ч.Мөнгөндалайг явсан газар бүрт нь найрсаг угтаж цай хоолоор дайлж, халуун сэтгэлийн дулаан үгс, хандив тусламж үзүүлсээр байсан билээ. Ийнхүү сайн санаат хүмүүсийн тусламж дэмжлэг, хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэсэн чин хүсэл, тэвчээр хатуужлаараа сүүлийн 1000 дахь км-тээ орж чадлаа. Гэсэн ч сүүлчийн тэмээний ачаа хүнд. Тэрээр олон хоног урт замыг туулж замын зардал, хоол, ундны мөнгө нь дууссан байна. Тиймээс тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр тусласан нь дээр гэсэн сайхан үгийг санаж хүсэл мөрөөдлөө биелүүлэх чин хүсэлдээ хөтлөгдөн яваа хөгжлийн бэрхшээлтэй Ч.Мөнгөндалайд тусламж үзүүлээрэй.
Хэлгүй дүлий, хөгжлийн бэрхшээлтэй залуусыг цог золбоо, зориг, хүсэл мөрөөдөлтэй байж түүндээ хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй байвал зорилгодоо хүрэхэд юу ч саад болдоггүйг олон залууст нотлон харуулж буй Ч.Мөнгөндалайн аялал амжилттай дуусах болтугай.
Сүүлийн 1000 км, сүүлчийн тэмээний ачаа хүнд | ||
Үзсэн: 1580 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.