Шууд Chart

Л.Баттөр: Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй хүүхдийг нөхөж хамруулна

2025-04-24 17:25:27

Дэлхийн дархлаажуулалтын долоон хоногийг 2021 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд дөрөвдүгээр сарын 24-30-ын хооронд “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриан дор зохион байгуулж байгаа аж. Дархлаажуулалтын талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөрөөс зарим зүйлийг тодрууллаа.  

-Өнөөдрөөс дархлаажуулалтын долоон хоног эхэлж байгаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Дэлхийн дархлаажуулалтын долоон хоног эхэлж байгаа. Иймээс товлолт болон бусад дархлаажуулалтын  асуудал яригдаж байна.  Өнөөдрийн байдлаар 200 мянга хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан эсэх нь тодорхой бус байгаа.

Манай улсын бүртгэл мэдээлэл цаасан хэлбэрээр явагдаж байсан. Иймээс сүүлийн жилүүдэд өмнө хийсэн дархлаажуулалтын тоо мэдээллийг нөхөж цахим болгох ажил хийгдэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 200 мянга хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан эсэх нь тодорхой бус байгаа. Энэ нь зөвхөн улаанбурхан өвчний вакцин хийлгээгүй, мэдээлэл нь тодорхой бус байгаа тохиолдлыг хэлж байгаа шүү. Улаанбурхан өвчнийг хэдэн жилийн өмнө ДЭМБ-д устаж буй халдварт өвчин гэж бүртгэгдээд явж байсан. Гэтэл 2015-2016 онд томоохон дэгдэлт гэнэт гарч олон хүн эндсэн. Өнөөдөр дархлаажуулалтын хамрагдалт өндөр байна гэдэг боловч хоёр хувь нь  дархлаажуултад хамрагдахгүй үлдэж байгаа. Иймээс цахим мэдээллийн бүртгэлээ шинэчилж, сайжруулах ажил дээр анхаарч байна. Мөн улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй хүүхдийг нөхөж дархлаажуулалтад хамруулах арга хэмжээ авна.

-Улаанбурхан өвчний дархлаажуулалт хэдэн хувьтай явагдаж байна вэ. Вакцины нууц ямар байгаа бэ?

-Улаанбурхан өвчний вакцин товлолд дархлаажуулалт ордог учраас нөөц боломжийн байдаг. Төлөвлөсөн хэмжээгээр байгаа. Одоогийн байдлаар 25 мянга орчин хүүхэд нэмэлт болон нөхөн дархлаажуулалтад хамрагдаж байгаа. Өчигдрийн байдлаар Засгийн газрын хуралдаанаар оруулж, дархлаажуулалтыг эрчимжүүлэх саналыг гаргасан. Эрүүл мэндийн салбарынхан дархлаажуулалтыг хийх гээд зүтгээд байдаг. Гэтэл дархлаажуулалтын явц удаашралтай байгаа учраас аймаг орон нутгийн удирдлагуудыг татан оролцуулах шийдвэр гарсан. Улаанбурхан өвчний гинжин хэлхээ тасрахгүй. Дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд бүгд өвчилж дууссаны дараа гинжин хэлхээ тасарна.

-Улаанбурхан өвчин аюул багатай учраас иргэд нэг их ач холбогдол өгөхгүй байна уу?

-Улаанбурхан өвчнийг аюул багатай, эрсдэл багатай өвчин гэж яриад байдаг. Өнөөдрийн байдлаар хөнгөн, дунд хүнд хэлбэрээр тохиолдол бүртгэгдээд явж байна. Нэг тохиолдол маш хүнд хэлбэртэй байгаа. Гэхдээ тохиолдлын тоо нэмэгдэх тусам ямар нэгэн эрсдэл бүлгийн хүүхдүүд өртөж, ямар хүндрэл эндэгдэл гарах магадлалтай. Хүндрэл эндэгдлээс гадна цаана гарч байгаа эдийн засгийн хор хохирлыг бодох хэрэгтэй. Халдвар өвчин гарлаа гэхэд улс орон даяар тандалтын тогтолцоо хийдэг. Энэ маш олон хүнийг хамруулж ажилладаг.

-Улаанбурхан өвчний вакцины есөн сартай болон хоёр настай хийдэг. Одоо нөхөж хийхээр хүүхдүүдэд дархлаа тогтох уу?

-Тухайн товлолт вакцины есөн сартай болон хоёр настайд хийлгээгүй бол нөхөж нэмэлт дархлаажуулалт ордог. Вакцин нөхөж хийлгэснээр дархлаа тогтоно.

-Дархлаажуулалтад хамрагдсанаар нийгэмд ямар ач тустай вэ?

-Дархлаажуулалтын олон арга хэмжээнээс харахад үр дүнг ямар байсан гэдэг тодорхой болдог. Улаанбурхан өвчний эсрэг вакцин дангаараа 94 сая хүний амь насыг  дархлаажуулалтаар хамгаалсан гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тооцоолж гаргасан.

-Одоо сургуулийн бүсэд өвчлөл нэлээд их гарч байгаа. Сургуулийн суурилж дархлаажуулалт хийгдэх үү?

-Дэгдэлтэй холбоотой тандалт судалгааг хийдэг. Дэгдэлт гарсан голомтод нэмэлт болон нөхөн дархлаажуулалтын хийгдэнэ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн болон аймаг орон нутгийн өрхийн эмнэлгийн вакцин хийдэг цэгүүд идэвхжээд ажиллаж байгаа.

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Л.Баттөр: Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй хүүхдийг нөхөж хамруулна  
Үзсэн: 413 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй