
Орос, Украины талууд энэ сарын 16-нд Туркийн Истанбулд хийсэн анхны шууд яриа хэлэлцээнийхээ үеэр тус бүр 1000 цэргийн олзлогдогсод солилцохоор тохирсон. Хоёр тал хоорондох хамгийн томоохон хүрээтэй энэ солилцоонд Оросын талаас хамруулах олзны хүмүүсийн жагсаалтыг хүлээж авснаа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдсэн бол, Киев мөн холбогдох жагсаалтыг хүлээлгэж өгснийг Кремль хүлээж авснаа нотлоод байна.
Зеленскийн мэдээлснээр, “1000-ийн оронд 1000” гэдэг томьёоллоор явагдах энэ солилцоог Украины талаас Батлан хамгаалахын сайд Рустем Умеров хяналт тавьж, зохион байгуулалт, явц хэрэгжилтийг хариуцах юм байна. Мөн ДХЯ, ТЕГ, Гадаад тагнуулын алба болон Украины Дээд Радын хүний эрхийн хороо зэрэг байгууллага оролцож, Оросын талаас ирүүлсэн жагсаалт дахь хүн нэг бүрийг нягтлан шалгана гэдгийг Зеленский өөрийн сошиал хуудсаар мэдээлсэн байна. Тэрчлэн Оросын олзноос Украины 1000 цэргийг чөлөөлөх тухай энэ тохиролцоо Турк дахь хоёр талын уулзалтын бараг л цорын ганц бодит үр дүн байсан. Энэ үр дүнг хангуулахын төлөө ажиллаж байна” гэж Украины Ерөнхийлөгч мөн мэдээлжээ.
Оросын Төрийн Думын депутат, цэргийн ажиллагааны асуудал эрхэлсэн парламентын зохицуулах бүлгийн төлөөлөгч Шамсаил Саралиев энэ тухайд РБК агентлагт өгсөн мэдээлэлдээ, цөөхөн хоногийн дотор ийм өргөн хэмжээний солилцоо явуулах нь техник талаасаа нэлээд амаргүй, тиймээс хэд хэдэн хоногт хувааж явуулах байх гэдэг байр суурийг илэрхийлжээ. Хамгийн сүүлд энэ 5-р сарын 6-нд дайтагч талууд тус бүр 205 цэргийн олзлогдогсод солилцсон. Нийтдээ тав дахь удаагийнх нь болсон энэ солилцоо байсан бол, үүний өмнөх ийм солилцоогоор 246 Украины цэргийг нутагт нь буцааж байсан. Эдгээр солилцоо нь АНЭУ-ын зуучлалтайгаар хэрэгжиж байсан юм байна. Үүний зэрэгцээ Украины Дээд Радын хүний эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Дмитрий Лубинец өнгөрсөн оны 12 сард Орост Украины 16 мянган энгийн иргэд олзны байдалд байгаа гэдэг мэдээллийг өгч байсан бол, цэргийн олзлогдогсод нь 8000 гэсэн албан тоо байдгийг Украины талаас мэдээлж байжээ.
Орос, Украины талууд цэргийн олзныхны нэрсийн жагсаалтыг солилцжээ | ||
Үзсэн: 196 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.