
АНУ-ын засаг захиргаа боловсрол, шинжлэх ухааны салбарт оруулах холбооны санхүүжилтийг хэдэн тэрбумаар нь танаж байгаагийн улмаас эрдэмтэн судлаачид ажлаа алдах, судалгаа шинжилгээний ажил нь хөрөнгө оруулалтгүй болох эрсдэл тулгарч байна. Тэгвэл эдгээр америк эрдэмтдийг өөрийн улсад татаж, эрдэм шинжилгээний салбартаа ажиллуулах сонирхолтой дэлхийн улс орнууд, их сургуулиудын тоо нэмэгдсээр байна.
Дэлхийн 2-р дайнаас хойш АНУ шинжлэх ухааны салбартаа маш их хэмжээний хөрөнгө оруулж ирсэн. Энэ ч утгаараа өнөөдөр шинжлэх ухааны судалгаа явуулдаг чадварлаг боловсон хүчнээр АНУ дэлхийд тэргүүлж байна. Түүгээр зогсохгүй сүүлийн 70 жилийн хугацаанд АНУ технологийн шинэ бүтээлүүд, ололт амжилтаар тэргүүлж ирсэн. Гэвч энэ жилээс эхлэн энэ бүхэн өөрчлөгдөх хандлагатай байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 1-р сард тангараг өргөхдөө шинжлэх ухааны салбарт оруулж байгаа хөрөнгө үргүй зардал болон замхарч байна гэж шүүмжилж, боловсрол, шинжлэх ухааны салбарын хөрөнгийг их хэмжээгээр танана гэдгээ мэдэгдсэн.
Мөн Үндэсний шинжлэх ухааны сан, Үндэсний эрүүл мэндийн сан, НАСА болон хувийн их сургуулиудын төсвийг танаж эхэлсэн. Ирэх онд Үндэсний эрүүл мэндийн сангийн төсвийг 40 хувиар, Үндэсний шинжлэх ухааны сангийн төсвийг 55 хувиар танах саналыг Цагаан ордноос танилцуулаад байна. Их сургуулиуд мөн төсвийн таналтын улмаас шинээр оюутан элсүүлэх, ажилтан нэмж авахаа түр зогсоогоод байна. Өнгөрсөн долоо хоногт Трампын засаг захиргаа АНУ-ын ууган их сургууль болох Харвардын гадны оюутан элсүүлэх хөтөлбөрийг зогсоож байгаагаа мэдэгдсэн. Одоогоор энэ шийдвэрт шүүхээс түр хориг тавиад байна. Үүний нөлөөгөөр АНУ-ын чадварлаг эрдэмтэн судлаачдыг гадны их сургуулиуд ихээхэн сонирхож эхлээд байна. Канад, Европын Холбоо, Австралийн их сургуулиуд нэн ялангуяа АНУ-аас эрдэмтэн судлаачдыг татаж, дэлхийд өрсөлдөхүйц цалин хөлс амлаж, шаардлага хангасан лаборатори, ажлын байраар хангахаар амлаж байна. Үүнээс өмнө дэлхий даяар шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний талбарт академик боловсон хүчний солилцоо байдаг байсан ч энэ удаад онцгойрч байгаа гол зүйл нь дэлхийн улс орнууд, их сургуулиуд америк эрдэмтдэд академик эрх чөлөө олгоно гэж амлаж байгаа нь юм. АНУ-д академик эрх чөлөө хумигдаж байгаа энэ цаг үед Европын Холбоо жишээлбэл эрдэмтэн судлаачдад эрдэм шинжилгээний ажил хийх эрх чөгөөг бүрэн олгоно гэж Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула Фон Дер Ляейн энэ сард амалсан. Мөн Шинжлэх ухааны төлөө Европыг сонго гэсэн уриалга гаргажээ.
Ихэнх эрдэмтэн судлаачдад цалин хөлс тийм ч чухал биш байдаг. Тэдэнд хамгийн чухал байдаг зүйл нь судалгаа шинжилгээнийхээ ажлыг чөлөөтэй, саадгүй явуулах л байдаг. Тиймээс академик эрх чөлөөг амлана гэдэг тэдгээр эрдэмтэн судлаачдыг татах гол тулгуур юм гэж эрдэмтэн судлаачид хэлж байна. АНУ-ын баримталж байгаа хэмнэлтийн бодлогын үр дүнд эрдэмтэн судлаачид олноороо гадагшлах төлөв их байгаа ч одоогоор үүнийг шууд брэйн дрэйн буюу АНУ чадварлаг боловсон хүчнээ алдаж байна гэж хэлэхэд эрт байна гэж зарим судлаачид үзэж байна. Учир нь АНУ хэдий шинжлэх ухааны төсвөө их хэмжээгээр танаж байгаа ч үлдэж байгаа төсөв нь дэлхийн өөр аль ч улстай харьцуулахад өндөр хэвээр тул брэйн дрэйн гэж нэрлэхэд зохимжгүй гэж үзэж байна.
АНУ-ын хэмнэлтийн бодлогын үр дүнд эрдэмтэн судлаачид олноороо гадагш цагаачлах төлөвтэй байна | ||
Үзсэн: 342 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.