Шууд Chart

ИБУИНХУ-ын Чарльз хаан Канадад айлчилж байна

2025-05-28 12:44:45

Их Британий хаан 3-р Чарльз Канад улсад айлчилж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадыг Америкийн 51 дэх муж улс болгох санаархал илэрхийлж байгаа энэ цаг үед Британийн хаан өөрийг нь Төрийн тэргүүнээ гэж үздэг энэ улсад гүнзгий учир бэлгэдэл агуулсан айлчлал хийж байгааг хэвлэлүүд онцолж байна. Хатан хаан 2-р Елизабетийн Канадад хийж байсан айлчлалаас 68 жилийн дараа болж байгаа энэ түүхэн айлчлалыг 3-р Чарльз канадын Ерөнхий сайд Марк Карнийн урилгаар хийж байгаа юм байна.

Британийн хамтын нөхөрлөлд багтдаг 15 улсын Төрийн тэргүүн гэж тооцогддог, өдгөө 76 настай Хаан 3-р Чарльз хорт хавдар туссаны улмаас эмчилгээ нь үргэлжилж, ажлын ачааллыг хязгаарлах заалттай байгаа хэрнэ энэхүү 2 өдрийн айлчлалыг хийж байгаа нь Канад улсыг дэмжих чин эрмэлзлийг нь илтгэн харуулж байна. Трамп Канадыг АНУ-д нэгтгэх талаар удаа дараа мэдэгдэж үүн дээр Канадын одоогийн Ерөнхий сайд Карни эрс хатуу хариу байр суурь илэрхийлдэг, энэ нь ч түүнийг саяны сонгуульд ялалт байгуулахад нь дөхөм болсонд тооцогдож байгаа. “Ерөнхий сайд Карни Канад улс одоо ч, цаашдаа ч хэрхэвч худалдагдахгүй гэдгийг тодорхой мэдэгдсэн. Хаан, Төрийн тэргүүний айлчлал тэр мэдэгдлийн хүч, далайцыг улам өргөж бататгах болно” гэж Их Британи дахь Канадын элчин төлөөлөгч Ральф Гүдейл өнгөрөгч 7 хоногт сэтгүүлчдэд мэдэгдэж байжээ.

Чарльз 1970 онд 21 настай хунтайж байхдаа анх Канадад очиж байсан байна. Тэрбээр сүүлийн саруудад Канадыг дэмжиж байгаагаа тодотгох байр суурь илэрхийлж байгаа ч Британий Ерөнхий сайд Кир Стармер Америктай худалдааны харилцаа, мөн Украиныг дэмжих талд Трампыг татах хүчин чармайлт гаргаж байгаа гэдгээр тэнцвэрийг хадгалах шаардлага тулгарч байгааг ажиглагч шинжээчид дурдаж байна.

2022 оны 9 сард хаан ширээнд заларсан Чарльзийн хувьд хатан Камилагийн хамтаар Канадад анхны төрийн айлчлал хийж байгаа нь энэ юм. Букингемийн ордноос мэдээлснээр, хаан хатан нар нийслэл Оттавад хэд хэдэн том жижиг арга хэмжээнд оролцох юм байна. Тэрбээр өнөөдөр Сенатын чуулганд зочилсноор Канадын парламентын ээлжит чуулганыг өөрийн биеэр нээж үг хэлсэн Британий эзэнт гүрний түүхэнд гурав дахь хаан болох юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ИБУИНХУ-ын Чарльз хаан Канадад айлчилж байна  
Үзсэн: 308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй